Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр чиглэлийн замыг хаах шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газар болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг түр зогсоогоод байгаа ажээ. Харин иргэдийн дунд цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг дутуу авснаас болж зам хаасан чиглэлүүдэд зорчихоор авто вокзалуудад ихээр цугларч байгаа аж. Түүнчлэн иргэдийн дунд зам хаасан чиглэлүүдэд хувийн такси явж байгаа гэх мэт ташаа мэдээлэл гарч байна гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Улаанбаатар хотоос 70 км-ийн цааш үзэгдэх орчин хязгаарлагдмал, шуургатай, зарим газраар 5-10 см-ийн зузаан цастай байгаа. Тиймээс иргэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзаж үзээд хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: MNB.mn