МУГЖ С.Хүрэлбаатар: “Best of Khurelee” тоглолтноос амьд хөгжмийн гайхамшигийг мэдрэх болно

MGL_Radio_Hurelbaatar

Өө, хайрын минь ганц сарнай

Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ … хэмээн зүрхний гүнээс эгшиглэдэг, 90-ээд оны залуусын хайрын сүлд дуу болсон “Хайрын сарнай” дууны эзэн, “Цагаан шөнө” хамтлагийн ахлагч, МУГЖ С.Хүрэлбаатарын анхны бие даасан амьд хөгжмийн  тоглолт энэ сарын 12-нд Улаанбаатар Паласын Концертын их танхимд болох гэж байгаа билээ. Хорвоог харах нүдгүй ч хүний сэтгэлийг тольдох онцгой мэдрэмжээ уянгалаг эгшгээр амилуулж яваа МУГЖ С.Хүрэлбаатартай цөөн хором ярилцсан юм.

-“Үгүйлэгдсэн хайр”, “Зүрхний санаашрал” гээд таны олон дууг залуус сонсох , дуулах дуртай хэвээр. Хоёулаа удахгүй болох таны тоглолтын талаар яриагаа эхлэх үү?

– Юуны өмнө танай сайтын хамт олонд  миний уран бүтээлийн тайлан тоглолтонд мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад  гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Миний “Best of Khurelee” нэртэй анхны бие даасан тоглолт энэ сарын 12-ны 19.00 цагаас Улаанбаатар Паласын Концертын их танхимд болох гэж байна. Тоглолтын туршид амьд хөгжим эгшиглэж, 1980-1990 оны залуусын хайрын дурсамж сэргээсэн сайхан үдшийг алдарт хөгжимчид, дуучидтай өнгөрүүлэх боломж бүрдүүлэхээр бэлтгэл ажил дуусч байна.

-Таны хэд дэх удаагийн тоглолт вэ. Тоглолтын онцлог юу байх вэ?

-1995 оноос эхлэн урлагийнхантай хамтран 9 тоглолт хийсэн байдаг. Энэ удаагийн тоглолт маань миний уран бүтээл ийн анхны тайлан тоглолт гэж ойлгож болно. “Best of Khurelee” тоглолтын онцлог гэвэл амьд хөгжмийн гайхамшиг гэж юу байдгийг шилдэг хөгжимчид харуулах юм. Тэр ч утгаараа Улаанбаатар Паласыг сонгосон. Тайзны гэрэл, дуугаралт нь тэс өөр байдаг. Мөн урлагийн салбарт олны хүндлэлийг хүлээсэн дуучид, хөгжимчид оролцож байгаа. Тухайлбал “Чингис хаан” хамтлагийн Д. Жаргалсайхан, Харанга хамтлагийн дуучин, хөгжимчин МУГЖ Ц.Энхманлай, “Номин талст”-ын СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил сайхан дуучид ая дуугаа өргөнө.

-МУГЖ С.Хүрэлбаатар гэх энэ эрхэм хүний урын санд хичнээн дуу байна вэ. Та тоглолтон дээрээ дуулах уу?

-Би дуулахаасаа илүүтэй хөгжимдөх авьяасаа түлхүү хөгжүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ миний уран бүтээлийн тайлан тоглолт гэдэг утгаар өөрийн зохиосон сайхан ая дуугаараа үзэгч түмэндээ бэлэг бариж дуулна. Миний зохиосон 30 гаруй ая байдаг. Голцуу дуучдын дуулсан 80-90 оны сайхан дуунуудыг сэргээгээд өөрийнх болгож дуулдаг.

-Та хэдэн настайгаасаа хөгжим сонирхож эхлэв. Анх урлагт хэрхэн алхан орж байв?

-Одоо ах нь 52 нас хүрч байна. Анх  дөрвөн насандаа ахаараа заалгаад Баянхуур “Баяан” хөгжим тоглож сурсан. Манай ах мундаг хөгжим тоглодог “Харанга” хамтлагийн Д.Энхманлайтай нэг ангид сурдаг байсан юм билээ. Одоо ч тэд маш сайн найзууд. Тэгээд дөрвөн настай хүүхэд дунд сургуульд урлагийн үзлэг энэ тэр гэж явсаар байж, 15 настайдаа 1980-аад оны эхээр юм уу хөгжмийн хамтлагтаа элсэн орж байсан юм. Түүнээс хойш гээд бодохоор урлагтай холбогдоод 40 жил болж байгаа юм байна. Тухайн үед хөгжим тоглоод сурчихсан байсан болохоор сонгуулийн сурталчилгаанд “Касио” хөгжим тоглохоор хөдөө гадаа явж өгдөг байж.

-Танай гэр бүлийн гишүүдээс урлагтай холбогдсон өөр бий юу?

-Манай аавын талд урлагт төдийгүй Монголын дэлгэцийн бүтээл болох “Хүргэн хүү”, “Хөдөөгийн баясгалан” зэрэг кинонд дүр бүтээсэн “сөөнгө” хоолойтой “Жамц”-ын дүрд тоглосон мундаг жүжигчин бий.  Манай аавын хамаатны эгч, дүүсийн хүүхдүүд гэж ярьдаг юм билээ. Мөн аавын удамд хөгжмийн нарийн мэдрэмжтэй хүн ч байсан гэж ярьдаг.

-Тоглолтын ивээн тэтгэгч болон зохион байгуулагчдын талаар танилцуулахгүй юу?

-Мэдээллийн ивээн тэтгэгчээр маш олон газрууд оролцож байна. UBS-TV, TV-9 телевиз гээд тав зургаан телевизүүд бий мөн Монголын Сайтын Холбоо зэрэг олон хэвлэл мэдээллийн газраас миний тоглолтын талаар мэдээ мэдээлэл, зар түгээж олон нийтэд хүргэж байгаад талархаж байна. Мөн манай Хараагүйчүүдийн холбооныхон дэмжиж ажиллаж байна. Үнэндээ хараагүй хүмүүс биднийг дэмждэг байгууллага ивээн тэтгэгч гэж байдаггүй. Тийм болохоор эрүүл мэндийн эмчилгээ хийлгэх шаардлага гарсан учраас өөрийн чаддаг мэддэгээрээ үзэгч түмэнд бэлэг барихын зэрэгцээ тэр хүмүүсийн намайг дэмжиж ирсэн билетийн зардал нь миний эмчилгээнд зарцуулагдах юм гэдгийг нуух зүйл алга.

 -1990-ээд оны эхээр “Хайрын сарнай”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг хит дуунуудаараа тухайн үеийн үзэгдчдийг байлдан дагуулж байсныг тань мэдэх хүн олон байх. Таны энэ авьяасыг Монголын төр үнэлсэн шүү дээ?

-Хэдий урлагийн салбарын мэргэжлийн сургууль дүүргээгүй мэргэжлийн дуучин, хөгжимчин биш ч гэлээ миний өчүүхэн авьяасыг төр засгаас хангалттай үнэлж, төрийн дээд шагналуудыг Монгол Улсын гурван үеийн Ерөнхийлөгчөөс гардаж авч байсан азтай хүн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас “Хөдөлмөрийн хүндэт медаль” авч байсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Алтан гадас”. Харин манай Ховд нутгаас төрөн гарсан одоогийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос “Монгол Улсын Гавьяат жүжигчин” гэдэг нэр хүнд бүхий шагналуудыг гардуулж өгч байсан.

-Үзэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?

– Тоглолт ганцхан удаа болох учраас эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МУГЖ Д.Жаргалсайхан (Чингис хаан), МУГЖ Ц.Энхманлай (Харанга), СТА Т.Дэлгэрмөрөн (Номин талст) нарын хамт залуу насны дуулал, хайрын, уянгын үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тасалбарын үнэ 20,000 хүргэлт: 1900-1109

– Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.
 
-Баярлалаа
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …