Хүнсний аюулгүй байдал ба Хүний амь

Хүнсний аюулгүй байдал алдагдвал хүний аминд ч хүрч мэдэх тийм аюултай зүйл. Гэвч сүүлийн үед чанаргүй хүнсэнд хордсон гэх мэдээлэл маш ихээр цацагдах болов. Хамгийн сүүлийн хоёр жишээг дурьдахад л “эклер”-ээс маш олон хүн хордлоо. Энэ мэдээлэл гараад удаагүй байтал дахиад 14 хүүхэд үдийн цайндаа хордсон гэх нь тэр. Ойр ойрхон гарах “хоолны хордлогын”  талаарх мэдээлэл Монголд хүнсний аюулгүй байдал хог дээр үсэрснийг гэрчилж буй юм.

Эклерээс хордсон 96 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК  дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь  биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм. Тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонгоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд тэд Улсын Ерөнхий байцаагчид хоолны хордлого, хордлогот халдварын талаар урьдчилсан дүнгийн танилцуулга хийв.

Өнөөдрийн байдлаар нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд  48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн  564 эклер, үйлдвэрийн  байранд байсан 586, хугацаа дууссан  бусад нэрийн  нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй  эклер болон бусад нэрийн  1457  ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон хэлэхдээ “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна. Шинжилгээнйи дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, 4 хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчины дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis”  илэрсэн” гэж байлаа.

“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу  нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илрүүлжээ.

14 хүүхдээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байна

Нийслэлийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 хүүхэд үдийн цайндаа хордож, ХӨСҮТ-д хүргэгдсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 10 орчим хүүхэд хоолны хордлого авсан байна” гэх мэдээлэлийн дагуу шалгахад тус сургуулийн гуравдугаар ангийн 34 хүүхдээс 10 хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Амтат жигнэмэг”, “Аньсны шүүс” ууж бөөлжиж хордсон нь тогтоогджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын уг хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр 14 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …