Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.