Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ хуралдаж Засаг дарга М.Чинболдыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрээ Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн бөгөөд энэ тавдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг албан бичгийн хариуг хуулийн хугацаанд нь хүргүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарт хаягласан уг хариунд Засаг дарга М.Чинболдыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас нь өмнө огцруулах саналыг хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнээ илэрхийлжээ. Ингэхдээ доорх хэд хэдэн үндэслэлийг дурьдсан байна. Тухайлбал:
Засаг дарга М.Чинболд нь Төрийн захиргааны албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан гэж дүгнэх нь үндэслэлгүй.
Учир нь тус дүүргийн ЗДТГ-ын даргыг өөрийнх нь хүсэлтээр, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой байх болсонтой хобогдуулан орлогч нарыг чөлөөлсөн байна. Түүнчлэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 5, 22-р хорооны Засаг дарга нарыг чөлөөлсөн шийдвэртэй холбоотой асуудал шүүхийн шатан хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй асуудлыг улс төрийн өнцгөөр гуйвуулан тайлбарлаж байна.
Засаг даргын Нөөц сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх аудитын акт дүгнэлт байхгүй. Дүүргийн төсөв 623,2 сая төгрөгөөр тасалдсан боловч энэ нь Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас биш хууль эрхзүйн орчин өөрчлөгдсөн, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан.
Дүүргийн ИТХ-аас Засаг даргын 2013-2015 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтүүдийг ХАНГАЛТТАЙ хэмээн дүгнэж байсан, 2015 онд Нийслэлийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлэгдсэн зэргээс үндэслэн Засаг дарга М.Чинболдыг огцруулах саналыг хүлээн авах боломжгүй гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үзсэн байна.