Оюутнууд сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас сургуулиа орхиход хүрч байна

146284030257312beecf8b8Монголд эдийн засгийн хямралтай байгаа. Үүний улмаас иргэдийн амьдрал туйлдаж монголын ирээдүй болсон оюутан залуучууд сургуулийн төлбөрөө төлж чадахгүй жилийн чөлөө авч, зарим нэг нь сургуулиа орхиж байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, сурахыг хүсч байвал мэдлэгтэй байхаас илүүтэй мөнгөтэй байх нь чухал. Хэрэв мөнгөгүй бол ямар ч мэдлэгтэй байгаад сургуулиа амжилттай төгсөнө гэдэг үлгэр. Учир нь сургалтын төлбөрөө төлөхгүй бол шалгалтанд оруулахгүй гэсэн “шахалт шаардлага” бараг л бүх их, дээд сургуулиудын зүгээс оюутнуудад ирдэг нь нууц биш.

Хавар болж, шалгалт шүүлэг дөхсөн эдгээр өдрүүдэд ингээд л хөөрхий оюутнууд хичээл гэхээсээ урьтаад мөнгөний төлөө толгойгоо гашилгаж эхэлдэг. Ялангуяа энэ жил эдийн засгийн хямралтай байгаа учраас иймэрхүү асуудал маш их байгаа. Бүтэн жилийн турш нойр хоолоо хасан байж, цаг зав сэтгэл зүрхээ зориулан байж сурчихаад төлбөрийн асуудлаас болж шалгалтаа өгч чадахгүй сургуулиа орхиж байгаа хүүхдүүд маш олон байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ жил ч биш. Иймэрхүү асуудал жилийн жилд л яригдаж, сургууль оюутан хоёрын хооронд үл ойлголцол үүсч, төлбөрөө бүрэн төлөөгүй бол шалгалтанд чинь оруулахгүй гэдэг хачирхалтай заншил тогтоод байгаа. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ? Боломж, бололцоогүй үе нь таараад, учир шалтгаанаа хэлж байгаа оюутнуудад заавал ингэж хатуурхах хэрэг байна уу, дипломоо л аваагүй байгаа бол тэр оюутан сургууль дээрээ эргээд л ирнэ шүү дээ, ямартай ч боломжтой болонгуутаа төлбөрөө төлөх нь дамжиггүй, тэгээд ч тэд чинь дийлэнх хэсэг нь биш шүү дээ.

Амьдралын боломж бололцоо муутай, өнчин өрөөсөн ч юмуу, олуулаа амьдардаг оюутнууд л ихэвчлэн хаврын хаварт ийм байдалд орж, хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг хүн царайчлан бүлтэлзэх юм. Энэ байдлаас болоод зарим нэг нь мөнгө олдог хүн болж, элдэв зүйлд уруу татагдан, үүнээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэх эс бөгөөс өөрсдөө гэмт хэргийн золиос болох явдал нэмэгдсээр байна гэдгийг хаана хаанаа нэг тунгааж бодоход илүүдэхгүй л болов уу? Түүнчлэн мөнгө бүхнээс хүчтэй гээд ойлгочихсон, мөнгийг хэрэглээ гэдэг утгаар нь биш бүр тахин шүтэх хандлагатай ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэсэнээр бидний ирээдүй сайн сайхнаар гэрэлтэн гийх нь юу л бол. Яаж төлбөрөө олох вэ гэж биш яаж сайн сурах вэ гэсэн сэтгэл зүйг л оюутнуудад суулгамаар байна. Үүний тулд шалгалт дөхөхөөр л шалгалтаар шалтаглан төлбөрөө нэхдэг энэ механизмыг өөрчилж, шинэлэг байдал, зөв шийдлээр ажилламаар байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …