Нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд байнга л “хэл ам” татлан байдаг. Нийтэд үйлчилж амь насыг нь “тээн” явдаг болохоор тэр. Хөл гар муутай хөгшчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд “яаруу” жолоочийг бухимдуулах “шалтаг” олон. Сүүлийн жилүүдэд автобус үйлчилгээнийхэний хэл ам тасрахгүй болсон. Энэ нь хувьд гаргасан чиглэлүүд дээр ихэвчлэн “сонсогддог”.
Тиймээс их хотын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг салбарынхны хэл ам, гомдол санал тасрахгүй нь. Саяхан нийтийн тээврийн Тэнүүн-Огоо компанийн үйлчилгээ үзүүлэгч Ч:48 буюу Зүүн салаа чиглэлийн автобусаар үйлчлүүлдэг иргэд ихээхэн гомдол гаргасан. Автобусны хүрэлцээ бага иргэдийг маш ихээр хүлээлгэн /45 минут/ ирэхдээ бөглөрөлтэй байна хэмээн загнах жолоочийг иргэд маш “хурцаар” шүүмжилсэн. Мэдээж замын ачааллаас болоод бөглөрөх нэг талдаа “овоорох” асуудал гардаг ч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарын харилцааны асуудал ихээхэн доголдолтой.
Мөн энэ чиглэлийн автобуснуудын бүртгэдэг багаж нь Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хавьцаа байрладагаас оройн 20.30 минутаас хойш Зүүн салаа чиглэлдээ явдаггүй Эх нялхас хүртэл явна гэгчлэнгээр иргэдийн бухимдлыг төрүүлдэг байна. Жолоочийн ажил Эх нялхас хавьд ирээд дуусчихдаг болохоор тэр. Нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж чадахгүй бол чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Иргэд бухимдан уурлахаар “тэгвэл буу, таксидаад яв” ,”чадалтайн бол хувийн унаагаараа явахгүй яасан юм” гэгчлэн доромж үгийг “чулуудчихаад” хүнээ бүрэн суулгаж буулгахгүй давхин одно.
Ийм үйлчилгээг иргэддээ авах гэж хотын захиргаанаас тэднийг хувьд гаргаагүй юм. Зүүн салаа чиглэлдээ бөглөрөлгүй болохоороо хүнээ буулгалгүй давхидаг, бүрэн бууж суулгахаас “цааргалан уурсдаг”, лед дэлгэцээ ажиллуулдаггүй, задгай мөнгөгүй иргэдийн мөнгийг жолооч задлуулах нэрийдлээр “хувьдаа” авдаг гэгчлэн нийтийн тээврийн Зүүн салаа чиглэлийн жолооч нарт “асуудал” их байна. Иргэдийн гомдол тасрахгүй байгаа энэ чиглэлдээ Тэнүүн- Огоо компани анхаараасай. Жолоочийн мэдлэг, ухамсарт хүрсэн сургалт мэдээллийг цаг алдалгүй өгөх ёстой болсон “хүндэрсэн” чиглэл.
Иргэдийн санал гомдолыг нэг удаа ч болов “болохгүй байгаа чиглэлдээ” авч “мэдэрмээр” юм. Нийтийн тээврийн асуудлын нэг Тэнүүн-Огоо компанийнх байлаа цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг эргэн мэдээллэх болно.
Б.Саран