Намын санхүүжилтийг ил тод болгох боломжгүйн учир
Төрийн байгууллагуудын данс тооцоо, төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй болгох Шилэн дансны хууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн. Төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор харж буй мэт нээлттэй, ил тод болгох нь энэ хуулийн зорилт гэж байгаа. Хууль сайн хэрэгжвэл төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг байдал арилж улмаар төрийн дансанд орж, гарсан 5 саяас дээш хэмжээний мөнгөний гүйлгээг хянаж болно гэж үзсэн. Харамсалтай нь энэ хууль нь улс төрийн тогоонд “хор найруулж” буй Улс төрийн намын дарга түүний санхүүжилтэд ямар ч хамааралгүй байдаг нь гайхалтай. Улс төрд ард түмнээ төлөөлж сонгогдох эрх нь Монгол хүн бүрт бийг Үндсэн хуульнд батлаад өгчихсөн байдаг. Гэтэл манай улс төрд нэр дэвшигчид тухайн намдаа 10-100 саяас дээш төгрөг хандивласан бол нэр дэвших эрх нь үүсч, цаашлаад хэдий чинээ их мөнгө хандивлана тэр хэрээрээ албан тушаал, эрх мэдэлд очдог гэх бусармаг ойлголт нэгэнт тогтоод удаж байна.
УИХ-ын гишүүнд нэр дэвших, Нийслэлийн төлөөлөгчид нэр дэвшигч нар нь ард иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хэрхэн татаж яаж сонгуулиар сонгогдох уу хэмээн ард түмний төлөө хийсэн болон хийх ажлаараа өрсөлдөх цаг хугацаагаа намынхаа эрх баригч, мөнгө хүүлэгч нарт таалагдах гэж тэдний хуваах “бялуу”-наас ахиухан хүртэх гэхдээ хандивын мөнгөний эрэлд гардаг болсон нь нууцгүй. Аавынхаа нэрийг барьж гэр бүлийнхээ гишүүдийг бэл бэнчинтэйгээр нь ялгаварлан хойш, урагш татдаг энэ хүмүүс ард түмний язгуур эрхийг хэдийн умартсаныг харж болно.
Ард түмний саналаар улс төрд орлоо ч тэдний төлөө биш улс төрд “хөл” тавихдаа намдаа өгсөн мөнгөө ахиулж олох боломжийг нь нээж өгч байна гэж ойлгохоор. Өөрөөр хэлбэл намууд их бага ч гишүүдээсээ хууль бусаар татсан хандив нэртэй мөнгөөрөө ард түмнийг тархийг угааж, санал худалддаг гэх хардлага ч төрөх юм. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч 35 тэрбум 679 сая төгрөг болсон гэх тоо байна. Тэгвэл энэ жилийн сонгуулиар нийслэл болоод УИХ-д МАН, АН-аас нэр дэвшигчид хэдэн төгрөгийн эрэлд мордож буй тухай өгүүлье. МАН-АН-ын хувьд Нийслэлд нэр дэвшигч нараасаа хандив нэрээр 50 сая, УИХ-д нэр дэвшигчдээс 100-150 сая түүнээс дээш ч байж болох гэдэг албан бус мэдээлэл байна.
Харин МАХН-ын тухайд одоогоор залуусаа дэмжих зорилгоор нийслэлд нэр дэвшигчдээсээ хэдэн төгрөгийн хандив нэхэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь тэд залуустаа боломж олгож улс төр дэх “цусаа шингэлэх” үзэл бодлоор хандаж байгаа гэх сурагтай. Эндээс харахад дээрх нэр бүхий намынхан улс төрд орж буй гишүүдээсээ ийн хэмжээний мөнгө авч байгаа нь улс төрд шинээр “хулгайч” бэлтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Ингэж улс төрийн тогооноос их хэмжээний мөнгө хулгайлах хулгайчдыг манай том намууд бэлдэж ирсэн нь улс орны хөгжлийг хойш татаж буй эх үндэс нь болж байна. Ийнхүү сонгууль бүрээр намуудын татаас нэмэгдэж байгаа нь сонгуулийн санал хураалтанд будилаан үүсгэж улмаар ард түмний төлөө биш тэдний эсрэг хариу үйлдэл болж байна. Намын санхүүжилт ийнхүү ил тод биш, хандив нэрээр хэн нэгнийг эрх мэдэл албан тушаалд хүргэдэг, санал худалдан авдаг, хууль бусаар компани дампууруулдаг зэрэгтэй холбоотой байж болох юм.
Эрх зүйн зохицуулалт туйлын хангалтгүй
Тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулж байгаа намуудын санхүүжилтийг юу бүрдүүлдэг вэ. Намын санхүүжилтийн талаар тусгасан цөөхөн хууль бий. 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг гишүүнийн татвар, хандив, төрөөс үзүүлж буй санхүүжилт гэж тусгасан байдаг. Гэхдээ эдгээр эх үүсвэр нь намуудын санхүүжилтийн өчүүхэн бага хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, намдаа хандив өгөх дээд хэмжээ иргэн нэг сая, хуулийн этгээд 10 сая, сонгуулийн бус жилүүдэд жилд хоёроос дээш удаа хандив өгөхгүй гэж заасан. Гэтэл албан бусаар 2008 онд намаас нэр дэвших эрхээ олж авахын тулд 20 сая, 2012 онд 50 сая төгрөгийн босго тогтсон байх жишээтэй. Энэ нь хүний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг гэж судлаачид үзсэн нь бий. Улс төрийн намуудын тухай хуульд заасан бас нэг ойлголт бол төрийн санхүүжилт. Гэхдээ энэ мөнгө хаана юунд зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр. Намуудын санхүүжилт, түүний зарцуулалтаар эргээд хяналт тавьдаггүй, тайлан гаргадаггүй. Тэр ч бүү хэл тухайн намын санхүүжилт, түүний зарцуулалт нууц байх ёстой гэх ташаа ойлголт бий. Дээрх намуудын санхүүжилтийн ил тод байдлыг “Цоожтой авдар”-тай зүйрлэж болохоор хаалттай, нуугдмал гэх аж. Энэ хэрээрээр олон нийтийн мэдлэг, ойлголт хангалтгүй байна. Нээлттэй нийгэм форум, “Сант Марал” сангаас 2014 оны 11-р сард 1200 хүнийг хамарсан намын санхүүжилтийн ил тод байдлын талаар санал асуулга явуулсан ажээ. Санал асуулгад оролцогчдын 67 хувь нь намын санхүүжилт ил тод биш, 71 хувь нь хандивлагчид нэрээ нууцлахад амархан, 80 хувь нь хандив авч өгч байгаа арга зам нь ил тод биш гэжээ. Түүнчлэн намуудын сонгуулийн бус үеийн тайланг 89-91 хувь нь огт үзээгүй гэсэн бол ердөө 3-5 хувь нь сонгуулийн үеийн тайланг олж үзсэн гэж хариулсан байна. Эндээс олон нийт нүдэнд харагдсаар байгаа цоожтой авдарны дотор юу байгааг хүссэн ч харж чадахгүй хүлээсэнд байгааг төвөггүй харж болно.
“Цоожтой авдар”буюу намуудын санхүүжилт УИХ-д суудалтай АН, МАН, Иргэний зориг Ногоон нам зэрэг нам бүгд гишүүний татвар, хандив, төрийн санхүүжилт гэсэн хэлбэрээр санхүүжиж байгаа. Эдгээр санхүүжилтийг ил болгоход ямар гарц байгаа талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбат “Намын босоо бүтцэд шууд нөлөөлдөг санхүүжилтийн механизмыг хуулиар өөрчлөх. Өөрөөр хэлбэл, намууд цөөн тооны хүмүүсийн хандивласан их мөнгөнөөс хамаарах хамаарлыг хязгаарлаж төрийн санхүүжилт, иргэд, оролцогчдын дэмжлэгт суурилсан нээлттэй бүтэц зохион байгуулалтыг хуульчлах” гэж үзсэн байдаг. Мөн түүний гаргалгаанд Намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг тусад нь боловсруулах, намын санхүүжилтийн ил тод байдлыг хуульчилж, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгож хэрэгжүүлдэг болох зэрэг санаанууд тусгагдсан байна.
Х.Баяр