Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт
Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-1 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулах, товлолын дархлаажуулалт хийх ажлыг 7 хоног бүрийн Бямба гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт
Улсын хэмжээнд 2016 оны 05 дугаар сард зохион байгуулагдах Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад дүүргийнхээ 18-30 насны иргэд, нутаг дэвсгэрийн ЕБС, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг зохион байгуулалттай хамруулах, аюулгүй дархлаажуулалт явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар, нийслэлийн Боловсролын газарт
1 хүртлэх насны хүүхдийг халдварт өртөхөөс сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ асрах боломж олгох зорилгоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж цалинтай чөлөө олгоход дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгууллагын дарга, ажил олгогч нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд
Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээ, нэмэлт вакцинжуулалтын талаархи мэдээ, мэдээлэл болон иргэдэд зориулсан зөвлөмж сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус даалгав.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.