Судсан дотуурх заналхийлэлт

a0f5dc48b8095d6f6608674a7878cfaa_x3

“Газар газрын тэнэгүүд ганц ганцаараа явдаг. Ганцхан жаргалт хааны тэнэгүүд хос хосоороо явдаг” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж агсан нэгэнтээ хошигносон байдаг. Энэ үгийг сонсоход инээдэмтэй санагдаж болох. Гэвч цаад утгыг нь ухаж бодохоор эмгэнэл илэрхийлсэн байдаг. Улстөрийн хэрүүл, эдийн засгийн хямрал ярих улаан зангиатнууд л олны анхаарлын төвд байсаар нэг зүйлийг бид бүр мөсөн мартаж түүгээр ч зогсохгүй монгол хүн төрөлхтөн устах аюултай болсныг анзаарахгүй яваад байгаа юм биш биз гэх эмзэглэл төрж буйг нуух шаардлага алга. Нэгэн үе ургийн бичиг гэх нэр томъёо гарч түүгээр ч зогсохгүй зарим өрх, бүл ургийн бичгийг хөтөлж эхэлсэн нь салхинд хийссэн мэт таг чиг болчихсон. Ийнхүү ургийн бичиг мартагдах нь удам судраа мартах шалтгаануудын нэг болсон гэхэд хилсдэхгүй биз. Нөгөө талаараа иргэд гадны улс гүрэний соёл, гайхамшгийг биширч хөлтэй, боломжтой нь хил даван амьдарч ах дүү, хамаатан саднаасаа хөндийрөх болсон нь бас л буруу үйлийн шалтгаан болоод байна.

Ийнхүү олон шалтаг тоочихын гол учир гэвэл цус ойртолт аль хэдийнэ айл бүхний хаалгыг тогшоод зогсохгүй зарим айлын хоймор заларчихсан байгааг хэлэх гээд байгаа юм. Монголчууд эртнээс өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй хэмээн сургасаар ирсэн. Гэвч бид есөн үеэ бүү хэл дөрөв дэх үеэ ч мэдэхгүй байна. Хүн төрөлхтний цус ойртолт таван үеэс доош өөрийн төрлийн хэн нэгэнтэй гэр бүл болох юм бол ямар нэгэн шалтгаанаар илэрдэг юм байна. Өнөөдөр цус ойртолт нийгмийн нэн тулгамдсан асуудал болж, ах дүүс, хамаатан саднууд хоорондоо гэрлэсээр байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Энэ талаар үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл ярих зайлшгүй шаардлага тулгарч буй. Хүн амын удмын сангийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж буй юм. 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Уг нь монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж.

Малаа дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байсан далд ухаан юм. Өнөөдөр монголчуудын 80 гаруй хувь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон зэргээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй. Иймд иргэний үнэмлэх дээр байгаа овог таныг гэрлэх үед цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл болохгүй нь мэдээж. НЭМХ-ийн судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргахад цус ойртолтгүй аймаг олдоогүй байна. Алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр байгааг тогтоожээ. Монголчууд өнөөдөр өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун үнэн гэж судлаачид хэлж байна. Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа аж. Тэр дундаа хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болжээ.

Монголчууд гурав дахь үеэ элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа гэж судлаачид сануулж байна. Өнөөдөр нэг сум тэр чигтээ ах дүүс болж байгааг бид олон зүйлээр анзаарч болдог.

Хамгийн энгийн жишээ гэхэд л Цагаан сарын золголт. Мөн Орон нутгийн сонгуулийн үеэр ч энэ бүхэн анзаарагдаж өөрийн хамаатан нь хэдэн жил дараалан орон нутгийг удирдаж буй явдал ч гарах болсон. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлдэг аж. Нэг аймгийнхан ч хоорондоо гэрлэх нь ихэсчээ. Аймгийн хэмжээний гэрлэлтийн хувийг тандахад 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болж байжээ. Энгийнээр хэлбэл өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн хувьтай гарч байгаа аж. Ийнхүү удам судраа хамгаалахаасаа илүү хөрөнгө, хайр сэтгэлийн хөөрлөөр гэрлэгсэд өнөөгийн залуу гэр бүлийн 90 хувийг эзэлж байна. Үүнээс улбаалан хамгийн их аюул дагуулж буй зүйл бол үр зулбалт, амьгүй төрөлт юм. Цус ойртолтын уршгаар оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал түгээмэл болжээ. Хүн оюуны хомсдолд орж, бие бялдрын хөгжил нь давжаа болохын зэрэгцээ оюуны хөгжил нь дорой буурайн хэрээр хар амиа боддог болдог. Сүүлийн үед нийгэмд ямар ч үнэ цэнээр хамаагүй, хар амиа хоохойлохыг хичээх үзэгдэл бий болоод байгаа. Тэгвэл үүнийг цус ойртсоноос болсон гэж зарим эрдэмтэд тайлбарлаж байна. 2005-2009 онд Монголын хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой байна уу гэдгийг судалж үзсэн байна. Энэ судалгааны явцад хүн амын дотор цус ойртолт гүнзгийрч байгаа нь олны анхаарал татжээ. Уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, өтгөний сүв нь битүү гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажгаар судлахад ийм үр дүн гарсан байна.

Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Өнөөдөр Монголын хүн ам дахь цус ойртолтын байдал элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд заналхийлсэн үзүүлэлт юм. Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь руу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм.”гэж хэлсэн нь тухаөйн сэдвийг улс орны хэмжээнд анхааралдаа авах болсоныг шууд хэлж байна. Засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг зогсоочихсон. Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавартай болоод байна. Шүд нь давхарлаж ургасан, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан, цагаан сормуус, цагаан үстэй альбиносууд ч цус ойртолтын үр дагавар. Ийнхүү хэн ч анзаараагүй явсан аюул нүүрлэхэд их ойрхон байна. Үндэс угсаагаа хамгаална гэдэг бол тусгаар улсын гол цөм. Тиймээс хүн бүр өөрийнхөө удам угсааг судлах, улс орны удирдлага цус ойртолтын эсрэг ямар нэгэн том ажил эхлүүлэх цаг нь болсон санагдах юм.

Эх сурвалж:Amjilt.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …