“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 20 дахь дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуульд, тухайлбал,
- “ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг;
- “ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага” гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг”,
- “сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд санал өгөх, зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй талаар малчин эцэг, эхийн гаргасан хүсэлтийг үндэслэж шийдвэрлэх” гэсэн заалтыг тус тус нэмж,
Хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг, тухайлбал, 40.2-ыг
- “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.” гэж өөрчлөн найруулжээ.
Түүнчлэн хуульд, боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг ямар журмаар олгох, боловсролын хяналтыг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хуульчилж өгсөн байна.
Мөн дугаарт, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Эдгээр хуулийг Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоос, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хэрхэн тогтоосонтой танилцах боломжтой.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг баталжээ. Журмын дагуу бол, Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулах бөгөөд Сангаас иргэн, хуулийн этгээдэд хөнгөлөлттэй зээл олгоход зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь байна (энэ нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй); зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэсэн нөхцөлтэй байхаар тогтоожээ.
Түүнээс гадна, сангийн хөрөнгийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх, сангийн удирдлага, зохион байгуулалт нь ямар байх, сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээд ямар шаардлагыг хангасан байх, сангийн үйл ажиллагааг хэрхэн тайлагнах, хяналт тавих зэрэг асуудлыг энэ журмаар нарийн зохицуулсан байна.
Эмхэтгэлд, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Эдгээр заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.
Эх сурвалж:Zaluu.com