Их Британий эрх баригчид өөрийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг фирм, компаниудад зориулан шинэ тогтоол гаргажээ. Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Сайд нарын танхимаас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Англид өмч хөрөнгөтэй эсвэл авахыг хүсч байгаа гадаад компаниуд одоо Засгийн газраас зарласан гэрээ, уралдаанд оролцох бол өөрсдийн жинхэнэ эздээ нээж илчлэх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадын компаниуд өөрсдийн нууц эздийг ил тодоор зарлах үүрэг хүлээжээ. Тэр бүү хэл одоо Англид анх удаа өмч хөрөнгө эзэмшигчдийн реестрийг байгуулж, олны хүртээл болгох аж.
Энэ бол авилгатай тэмцэх шинэ арга гэнэ. “Гадаад компаниудын шинэ реестр байгуулсны ачаар авилгачдын гарыг хүлж, мөнгө угаахаас сэргийлэх төдийгүй тэд Лондоны үл хөдлөх хөрөнгийн захаар дамжуулан хууль бус хөрөнгөө нуухаа болино. Мөн манай төр засгийн хөрөнгөөс ашиг олж чадахгүй” гэж Английн Сайд нарын танхимын мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн дэлхийд анх удаа Олон улсын авилгачдын эсрэг тэмцэх төвийг Лондонд байгуулахаар болсон талаар англичууд мэдээллээ. Энэ тал дээр Их Британи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь улсууд болон Интерпол хамтран ажиллаж байна.
Ирэх сараас Англид шинэ реестр ажиллаж эхэлнэ. Удахгүй Франц, Нидерланд, Нигери, Австрали, Шинэ Зеланд, Иордани, Индонез, Ирланд, Гүрж зэрэг орнууд ийм реестртэй болох гэнэ.
Нэмж өгүүлэхэд, Английн 100 мянга гаруй объектыг гадаадын компаниуд эзэмшдэг. Эдгээрээс 44 мянга гаруй нь Лондон хотод оршдог юм байна.
www.mnews.mn