Нэгдүгээр төрөхөд эндсэн нярайн уушиг бүтэлттэй байжээ

Энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт дутуу төрсөн нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь хүүхдийн цогцсыг харуулахгүй байна, зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгвэл уг асуудалд “Өргөө” амаржих газрын Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны доктор Г.Баясгалан medee.mn сайтад тайлбар өгчээ. Тэрбээр “Эндсэн нярай нь 29 настай ээжийн хоёр дахь төрөлт байсан. Төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө төрсөн дутуу нярай байсан.

812d5c42ef459d77original

2016 оны 5-р сарын 8-ны өдөр уг эмэгтэй манай эмнэлэгт ус нь гарчихсан хүрч ирсэн. Ингээд эмэгтэйг хүлээн авч үзлэгт оруулаад яаралтай төрүүлэхээр болж кесерово хагалгаагаар төрүүлсэн. Нярай төрсөн даруйдаа сулхан уйлсан /5-6 баллтай/. Эмчийн үзлэгт оруулж хүүхдийн уушиг бүтэлттэй байгааг ээжид нь мэдэгдсэн. Төрснөөс хоёр цагийн дараа нярайн уушигнаас цус алдаж эхэлсэн. Тэр даруйд эмч нар яаралтай арга хэмжээ авч ажилласан. Ээжид нь хүүхдийн биеийн байдлын талаар мэдэгдэж ар гэрийнхнийгээ дуудахыг зөвлөсөн боловч манай гэрийнхэн хол байдаг одоо ирэх боломжгүй гэсэн юм. Ингээд нярайн биеийн байдал дордож 5-р сарын 9-ны үүрийн 06:00 цаг орчимд нярай нас барсан.

Төрөөд зургаан цаг амьдарсан. Тухайн ээж нь 35-36 долоо хоногтой жирэмсэн байсан. Нярайн жин гүйцсэн байсан хэдий ч төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө өвдөлт өгч эхэлсэн байсан. Бидэнд ирсэн мэдээлэлд, эмэгтэй жирэмсний хугацаандаа нэг хоёр удаа хяналтад очиж үзүүлсэн, сүүлийн саруудад хөдөө орон нутагт амьдарч байсан гэсэн. Төрөх эмнэлэгт ирэхдээ хяналтын эмнэлгийн солилцох хуудасгүй ирсэн. Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2014 оны 5-р сарын 16-ны өдрийн Эмгэг судлалын шинжилгээ хийх шинэчлэгдсэн журмын дагуу задлан шинжилгээ хийсэн. Уг журамд төрөх эмнэлэгт эндсэн бүх нярайд эмгэг судлалын задлан шинжилгээ зайлшгүй хийнэ гэж заасан байдаг. Энэ стандартын дагуу бид ажилласан. Зарим тохиолдол эцэг эх нь ламаас асуулаа задлан хийж болохгүй гэнэ гэх мэт тохиолдлуудад гарын үсэг зуруулж задлан хийхгүй байж болдог.

Гэхдээ энэ бол ховор тохиолдол. Харин хүүхдийн цогцосыг ар гэрийнхэнд нь харуулаагүй гэдэг бол ташаа мэдээлэл. Нярайг нас барсны үдээс хойш эмэгтэйн ар гэрийнхэн ирсэн. Ингээд тэдэнд нярайн цогцосыг харуулсан. Их эмчийн өрөөнд бүтэн гурван цагийн турш болсон бүх үйл явдлын талаар тайлбарлаж өгсөн. Ар гэрийнхэн үүссэн нөхцөл байдал, нярайн биеийн байдал дутуу төрсөн зэргийг өөрсдөө сайн мэдэж байгаа. Хэн буруутайг хуулийн байгууллагаас тогтооно. Эмч нар нөхцөл байдалдаа тохируулж хийх ёстой бүх зүйлээ л хийсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар ташаа мэдээлэл их гарч байна. Нярайг газар унагасан, зургаан кг жинтэй хүүхэд байсан, эмэгтэйг жирэмсний хяналтандаа хэвийн хамрагдаж байсан гэх мэт. Эдгээр мэдээллүүд бүгд ташаа мэдээлэл юм” гэжээ.

etoim.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …