Тэгвэл юун түрүүнд томоохон хотуудыг газар дорх металл хонгилуудаар холбож, хонгилд байрлуулсан бортого хэлбэрийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэнэ. Өндөр хурд авах боломж бүрдүүлэхийн тулд хонгилуудыг төгс вакумтай дөхөх хэмжээнд агааргүй битүүмжлэх юм байна. Мөн үрэлтийн хүч хамгийн бага байхаар бортого, хонгилуудыг тохируулж, үүний дараа соронзын хүчийг ашиглан хүн, ачаа тээвэрлэсэн бортогонууд цагт 1120 км хүртэл хурдлах боломж бүрдэнэ.
Тесла корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск ийм тээврийн хэрэгслийн санааг 2013 онд цаасан дээр буулгажээ. Жирийн хүнд хийсвэр сонсогдож байгаа ч энэ төслийг хэрэгжүүлэгчид 80 сая долларын санхүүжилт цуглуулж, Женерал Электрик, Францын төмөр замын үндэсний компанитай хамтран ажиллаж байгаа юм. Тэд 3 жилийн дараа гэхэд ачаа тээвэрт, 5 жилийн дараа хүн тээвэрлэхэд “Hyperloop”-ийг ашиглаж эхлэхээр зорьж байна. Энэ технологийг Европ тивд нэн түрүүнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Эх сурвалж: mnb.mn