Түшээт хан аймгийн гол хүрээ байсан учир Ханд чин вангийн “Вангийн хүрээ” гэж сүсэгтэн олонд алдаршсан. Б.Ринченгийн жагсаалтанд Лигсивдунгайлин гэж бичигдсэн боловч нутгийн лам хуварга, олон нийт Лигшиддонгойлин хэмээн нэрлэдэг ажээ. 1682-1937 он хүртэл Цогчин дуган,12 аймаг,5 дацан,Гэсэр сүм,80 тохой Майдар,Диваажин сүм,Их цагаан суварга,Жүд, Дүйнхор,Мамба,Зурхайн дацангуудтай зарим үед 5000 орчим лам нар хурал хурдаг Түшээт хан аймгийн гол хүрээ байжээ.
Б.Ринчений жагсаалтаар энэхүү Вангийн хүрээ нь Булган аймгийн Бугат сумын нутагт бүртгэгдсэн боловч одоогийн засаг захиргааны хувиараар Булган аймгийн төв Булган сумын нутаг дэвсгэрт харъяалагдаж байна. Вангийн хүрээний оршиж байсан туурийн орчимд баруун талд тахилгат Булган уул,зүүн өмнөд талд Мээж уул 2,5 км орчимд байдаг. Дайчин вангийн хүрээний Диваажингийн сүмийн зүүн урд талд одоогийн Дашчойнхорлин хийдийн цогчин дуган баригдсан. 1937 онд Дайчин вангийн хүрээний үйл ажиллагааг бүр мөсөн хааж 1937 оны намраас сүм дуганыг нурааж эхэлсэн ба хамгийн сүүлд 1960-аад оны үед цогчин дуганыг нураажээ.