Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихаар заагдсан зүйл заалт бүрийг “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны шийдвэрээр томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа бүхий зорилтот нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрсөн. Тэгвэл хэн нэгэнд худалдагдаагүй, үнэнийг тэнцвэртэйгээр хүргэхийг хичээдэг, хэн нэг улс төрчийн “ар талгүй” жижигт тооцогдох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яах вэ? Бизнесийн хэдэн компаниасаа л сурталчилгаагаа олоод “яв” гэж байгаа санаатай юм.
Сонгуулиар үнэн зөвөөр нь мэдээлэл өгөх мэдээллийн хэрэгслийг хааж боомилж байгаа юм чинь иргэд яаж зөв сонголтыг хийх юм бэ? Тэд хэн нэгний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд толгойгоо “угаалгах” ажил хийлгээд эцэст нь түүнийгээ “тахин шүтээд” аж амьдрал нь дээрдэхгүй үзүүлэлттэй байхад эргээд амьдрал, нас, үр хүүхэд, ажил мэргэжил, эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд гээд бүхий л зүйлээрээ хохирогч болон үлдэнэ. Ийм л үр дүнг иргэдэд үзүүлэх гэж төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боож байгаа хэрэг. Олон нийтийн цахим сүлжээг хааж чадахгүй учир алгуур орхиж байгаа байх.
Гэхдээ хэн нэгэнд таалагдахгүй нийтлэл, ишлэл, сэтгэгдэл байвал дор нь устгахаа мэдэх биз. Үнэн худал нь мэдэгдэхгүй хэмээн цахим хуудсуудад бурууг тохоод өнгөрөх биз. Харин ардаа мэргэжлийн сэтгүүлчтэй, эрэн сурвалжлан гаргаж ирсэн мэдээ материалтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “хаах”-аас өөр арга тэдэнд байсангүй. “Доромжлох тусам долоон бурхан шиг гялалзана” гэгчээр хааж боох тусам хэлэх гэснээ хэлж, өгүүлэх гэснээ өгүүлж, үзүүлэх гэснээ үзүүлж байж л “салдаг хэдэн сэтгүүлчдийн” минь эрх чөлөөг давхар битгий хаагаач гэж хүсье.
Манайх уг нь хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй “энэ тэр” гэсэн цагаан цаасан дээр хараар буусан “мөрүүдтэй”. Гэхдээ л хөөрхий хэдэн сэтгүүлчид нь ажилласан шиг ажиллаж чаддаггүй, эрх мэдэл, мөнгө, албан тушаалд “боогдон амьдарсаар” л байна. Мэдэж байгаа зүйлээ “хэлэхгүй” өнгөрөх шиг “зовлон” манай хэдэн сэтгүүлчид үгүй. Одоо яахав сонгуулийн сурталчилгааг хэн нэгний нөлөөгөөр хийдэг болсон цагт ард түмэн хохирсон шиг хохирох цаг үе. Мэдээлэл авах эрхээрээ хохирсон ардууд , мэдээлэл түгээх эрхээ хасуулсан сэтгүүлчид үр дүнд нь “хүсээгүй” хүүхэд гэдэг шиг УИХ гишүүд төрөх сайхан арга. Ийм л эмгэнэлтэй нийгмийн эмгэнэлтэй ард иргэд бид.
Б.Саран