1368 онд Хятадын босогчид Их Юань улсын нийслэл Дайду /Бээжин/ хотыг эзэлжээ. Тогоонтөмөр хаан 40 түмэн монголынхоо 6 түмийг авч хатад хүүхэд, сайд түшмэд, эрдэнэсийнхээ болон номын сангийнхаа ихэнхийг авч чадалгүй сандан мэндэн Молтогчингийн хаалгаар гарч зугатан Хойд нийслэл Шандуд ирсэн. Мөн тэндээс зугатан Кайпин хотод ирээд авч явсан зүйлсийнхээ талыг цааш авч явж чадалгүй зугатан Инчан хотод иржээ.
Тогоонтөмөр буюу Ухаант хаан 1333-1368 оны хооронд 35 жил хаанчилсан Их Юань улсын сүүлчийн хаан байлаа. Түүнийг нас барсны дараагаар 1369 онд түүний хүү Аюушридари Билигт хэмээх өргөмжилсөн нэртэйгээр хаан ширээнд суусан билээ.
Тэрбээр мөн Мингийн цэрэгт хөөгдөн зугатаж Хархорумын хавьд Монгол нутагтаа ирж төвлөн суусан байна. Умард Юань улс нь шинж чанарын хувьд ямар улс болох тухай эрдэмтэн судлаачдын дунд гурван янзын үзэл байдаг.
I. Умард Юань улс бол Хятадын Мин улстай зэрэгцэн оршиж байсан тусгаар улс бөгөөд үүнийг батлах Мингийн хаанаас ирүүлж байсан бичиг захидлууд бий. Үүнд жишээ нь: Элсэн говийг та эзлэж, говиос урагш нутгийг би эзэмшинэ гэсэн Мин улсын хааны захидал байна.
II. Умард Юань бол Мин улсын баруун хойд дахь Мин улсад алба барьдаг, түүний захиргааг хүлээн дагадаг гэсэн хоёр дахь үзэл байдаг ч үүнийг хүлээн зөвшөөрөх нь утгагүй юм.
III. Умард Юань бол Мингийн баруун хойд захын нэгэн муж гэж үздэг. Энэ бол арай ч дэндүү хэрэг.
Умард Юань улс бол хэдий Хятад газраас хөөгдсөн Их Юань улсын хаадын байгуулсан улс хэдий ч Мин улсад эзлэгдээгүй нэгэн үе эв найртай харилцан, нөгөө бол байлдан тэмцэлддэг хөрш зэргэлдээ улс байсан нь тодорхой билээ.
gereg.mn