Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүлээд байна.
Ингэхдээ толин дээр мөнгөн аяган дээр бичвэр хийдэг халаагч бичвэрийн үзгээр дугаарыг нь бичиж буй юм байна. Одоо энэхүү үйл ажиллагааг тус дүүргийн 14, 16 дугаар хороон дахь цагдаагийн хэсгийн байранд ажлын цагаар дээрх үйлчилгээг тогтмол хийж байна. Энэ бичвэрийг эхлүүлсэнээс хойш 16 дугаар хороонд 45, 14-р хороонд 32 иргэн бичвэр хийлгээд байгаа ба олон нийтэд мэдээлэл цацагдаж эхэлсэнээр өөрсдөө ирэх хандлага нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн энэ үеэр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичиг 300 орчимыг хэвлэн тарааж ажилласан талаараа Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Мөнхбат ярьж байна.