2012 оны сонгууль болоод 4 жил өнгөрлөө. Энэ 4 жилд улс оронд уруудал доройтол биш юмаа гэхэд хөгжил дэвшил бий болсон гэж хэлэх хүмүүс цөөн биз. Тэр тусмаа Налайх дүүргийн иргэдийн хувьд хөгжил биш уруудал авчирсан 4 жил гэж хэлэх юм билээ. Аргаа барахдаа тус дүүргийн иргэд Налайхын Засаг дарга Болдбаатартангуудын баяжсан, Налайхын иргэдийн ядуурсан “тэнцэнэ” гэж хэлэх вэ дээ. Ингэж хэлэхийн учир юу байв.
2012 оноос өмнө хэлэх ярих бүрдээ ардчилал гэж цээжээ дэлддэг байсан Болдбаатар гэх эрхэм сонгуулиар Дүүргийн Засаг дарга болсон даруйдаа л “шинэ баян цээж өвчтэйн” үлгэрээр төрийн ажлыг хувьдаа ашиглах, хөрөнгө мөнгө завших арга хэрэгсэл гэж ойлгосон болтой байдаг. Тэрбээр өөрийн багаа бүрдүүлэх нэрийдлээр “өөрийгөө тойрон хүрээлэгч”-ээр Налайх дүүргийн ИТХын төлөөлгч Ч.Одонхүү, Оч.Ганболд, М.Өсөхбаяр, М.Дашхүү нарыг татан авсан. Өнгөрсөн онд тэдний төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны эрх мэдлийг хувьдаа ашиглаж, өөрсөддөө хөрөнгө мөнгө завших арга хэрэгсэл болгосон уйвайгүй үйлдлүүд эхнээсээ илэрч, шүүх цагдаагийн байгууллагын хаалга татах дээрээ тулж байсан.
Тэр ч бүү хэл тэдний зарим нь ноднин намар батлагдсан өршөөлийн хуулийн хүрээнд мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байсан хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдан өршөөгдсөн гэдэг.
Налайхчууд тэднийг ямар сайндаа л төрийн өмч хөрөнгийг шамшигдуулах “Татар ажиллагаа” багийнхан нэрлэж байх вэ?
“Татар ажиллагаа” багийнханы хувьд Налайх дүүргийн болон Нийслэлийн төсөвт учруулсан хохирол нь Налайх хотод олон бүтээн байгуулалтын ажил хийж болох байсан төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн байдаг. Тухалбал, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дуудлага худалдаанд оруулалгүйгээр Налайх дүүргийн төвийн А зэрэглэлийн бүсэд орших газрыг бусдад эзэмшүүлсний улмаас Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дурьдахад хангалттай. Энэхүү хэргийг Нийслэлийн Аудитын газраас 2015 он 2-р сард шалгаж тогтоон акт гаргаж, 17.1 тэрбум төгрөгийн хохиролыг 09 сарын 30-ны дотор төлж барагдуулан төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээлгэсэн боловч харамсалтай нь дээр хэлсэнчлэн Өршөөлийн хуульд хамрагдснаар энэ хэрэг замхарсан гэж хэлж болох.
Энэ удаад бид Налайхын “Татар ажиллагаа” багийн гишүүдийн нэг болох дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч М.Дашхүүгийн тухайд баримт түшин мэдээлэл хүргэе.
Тэрээр 2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа Засаг дарга Х.Болдбаатар нартай хуйвалдан, дүүргийн тусгай хэрэгцээний газар үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн Налайх дүүргийн уурхайн бүсэд гар аргаар нүүрс олборлож амьдралаа залгуулдаг байсан хэсэг иргэдийг төрийн сүр хүч, албан тушаалаараа дарамталж, нүүрсний амыг нь булж, тог цахилгааныг нь таслаж, бүгдийг нь зогсоож орлогогүй болгосон атлаа яг тухайн газар дээр хууль бусаар нүүрс олборлох өөрийн “Ундрах дөл” компаниа ажиллуулсан байдаг. М.Дашхүүгийн эхнэрийн нэр дээрх “Ундрах дөл” ХХК нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрс олборлох хууль бус үйл ажиллагааг олон жил хийж байна.
Уг нь нүүрс олборлох үйл ажиллагаа эрхлэхийн тулд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагуудаар гаргуулан уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газраар батлуулах ёстой байдаг. М.Дашхүү өмнө нь нүүрс олборлож байх хугацаандаа бусдад уурхайн ам түрээслэж ашиг олох, дүүргийн харъяалалгүй иргэдийг хөдөлмөр хамгаалалын наад захын шаардлага хангахгүй орчинд бага хөлсөөр ажиллуулах,татвараас зайлсхийх зэргээр холбогдох хууль тогтоомжийг байнга зөрчин ажиллаж иржээ. Улмаар 2014 оны намраас эхлэн НӨҮГ-ын эзэмшилд бүртгэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ, хог хаягдлын төвлөрсөн цэгийн хонхорт хууль бусаар нүүрсний ил уурхай гарган олборлолт явуулж эхэлсэн бөгөөд уг хонхорт нь Налайх дүүргийн 7 хорооны бүх хог хаягдал, устгасан золбин нохдын сэг зэм, эмнэлгийн аюултай хог хаягдлыг булж устгадаг газар байрладаг. Сэжиг сүжгээрээ бодсон ч ийм газраас нүүрс олборлон ашиг орлого олж байгаа түүнийг мөнгө л олж байвал яахаас буцахгүй гэдгийг нотлох шиг. Үүнээс ч болсон уу бүү мэд нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ газраас нүүрс олборлож байсан уурхайчдын нэг 2012 онд уурхайн ослоор нас баржээ.
Ийм нөхцөл болонгуут М.Дашхүү уурхайн эзнээр өөрийн төрсөн ах М.Дамдинхүүг нэрлэсэн байх юм. Тухайн үед УМХГ-ын байцаагчийн акт тавигдан 3-р хорооны нутаг дэвсгэр дээрх эл уурхайн үйл ажиллагааг хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор хаах шийдвэр гаргасан байна. Гэтэл одоо болтол эл уурхайг хаалгүй үйл ажиллагааг нь хууль зөрчин явуулсаар байна.
2016 оны сонгуулиар дахин сонгогдохгүй бол М.Дашхүүгийн дээрх хууль бус үйлдэл нь илчлэгдэн, амьжиргааны эх үүсвэр болсон эрх мэдэл нь хязгаарлагдах гээд байгаа болохоор тэрбээр ямарч үнээр хамаагүй 2016 оны Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа сурагтай. Ингэхдээ М.Дашхүү хууль бус газраас хууль бус аргаар олборлосон нүүрсээ Налайхын амьдрал тааруу, ядуу зүдүү амьдарч байгаа иргэдийн саналыг худалдаж авахын тулд тэдэнд таараан, тэдний саналыг барьцаанд авч байгаа нь Сонгуулийн хууль зөрчиж байна.
Ийнхүү М.Дашхүү тэргүүтэй “Татар ажиллагаа” багийнхан өнгөрсөн 4 жилд Налайх дүүрэгт юу хийсэн вэ гэдгийг Налайхчууд бодох цаг болсон. Ийнхүү түмний төлөөлөгч болсон хүн өөрийг нь сонгосон ард иргэдийн эсрэг ажиллаж байгааг юу гэж ойлгох вэ?
Эх сурвалж: “Шинэ Налайх хот” сонин