-Тоглолтоос олсон бүх орлогоо Б.Батхишигт хандивлах юм байна-
“Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” уриатай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ)-ны хамт олон “Бид нэг гэр бүл” төсөл санаачлан хэрэгжүүлж, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулж байгаа билээ.
Төслийн хүрээнд өнгөрөгч арванхоёрдугаар сард “Үндэсний шигшээ багийн тоглогчид Легионеруудын эсрэг” халз тулаан зохион байгуулсныг нь сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус санаж байгаа болов уу. Тэгвэл энэ удаад халуун сэтгэл өвөрлөсөн сагсчид маань Б.Батхишигийн эмчилгээний зардалд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хоёр дахь ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, МҮСБХ-ны багш дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн тоглогчид болон урлаг, спортын одод өөр өөрийн нутаг орны алдартнуудаар багаа бүрдүүлж тоглохоор болжээ. Товчхондоо, 21 аймгийн төлөөллөөс бүрдсэн бүх оддын тоглолт болох нь.
Тоглолт үндэсний дээд, тэргүүн дэд гэсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд үндэсний дээд лигийн шилдэг тоглогчид хоёр хэсэгт хуваагдаж тоглох нь. “Бүх оддын” гэсэн тодотголтой тоглолтод оролцох олны танил эрхмүүдээс дурдвал Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, улсын аварга Ж.Мөнхбат, “TV Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нарын алдартныг онцолж болно.
Энэ сарын 24-ны мягмар гарагт Спортын төв ордонд болох тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг Б.Батхишигийн эмчилгээний зардалд хандивлах юм байна. Талбай дээр гараад өрсөлдөгч болдог ч тамирчид нэгнийхээ төлөө хэрхэн нэгдэж, эвсч чаддагаа харуулж буй сагсчдын төлөөллөөс хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн зүйлийг нь онцлон хүргэе.
“SBL Хасын хүлгүүд” багийн тоглогч Н.Золжаргал:
-Энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний сагсан бөмбөгийн холбооныхонд тэмцээн зохион байгуулж байгаад талархлаа. Бидний хувьд энэ жилийн Супер лигийн тамирчид болон Үндэсний шигшээ багийн тамирчид хамтарсан томоохон тэмцээн хийе гэж ярилцаж тохирсон нь энэ. 21 аймгийн тоглогчдоо дэд, тэргүүн хэсэгт хуваарилсан. Дэд, тэргүүн хэсэгт багтсан тамирчид маань урлаг, спортынхонтой хамтарч тоглох юм. Нэлээд сонирхолтой тэмцээн болох болов уу гэж харж байна. Мөн томоохон тэмцээнүүдийн нэг болох байх. Тэгэхээр хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсч байна.
“SBL Хасын хүлгүүд” багийн тоглогч Б.Билгүүн
-Батхишигтэй өсвөр үеэс л хамт тоглосон. Нэг үе цуг тоглож байсан сайн найз маань байгаа юм. Тиймээс яаж тусалж болох вэ, бидний хийж чадах зүйл юу вэ гээд хоорондоо ярилцсан. Бид сагсан бөмбөгчид учир чаддаг зүйлээрээ л тусалж, хандивын тоглолт хийхээр шийдсэн. Шигшээ багийн болон лигийн тамирчид маань өөрийн төрөлх нутгаа төлөөлж тоглох юм. Тоглолтын үеэр өөрсдийн өмсгөлөө дуудлагаар худалдана. Их сонирхолтой үзүүштэй тоглолт ирж үзээрэй гэж уриалмаар байна.
-“Эрдэнэдрийлэнг ригс” багийн тоглогч С.Өрнүүнбилэг:
-Миний хувьд Батхишигийнхээ биеийн байдлын талаар мэдээлэл өгмөөр байна. Энэ сарын эхээр Батхишигтэйгээ хамт Солонгос улсад очиж нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаад ирсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд хагалгааны зардал болон донорын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Үнэхээр давчуу хугацаа үлдээд байна. Нуулгүй хэлэхэд санхүүгийн дэмжлэг олох зорилготойгоор энэхүү тэмцээнийг хийж байгаа. Гэхдээ тасалбар аваад орж ирж үзэх биш Дорноговь аймгийн бизнесмэнүүд, улстөрчид гээд ер нь 21 аймгийнхан, монголчууд минь манай найзад ирж туслаач гэж уриалмаар байна. Заавал бүх зардлыг нь гаргах албагүй. Тодорхой хэмжээгээр миний найзад хандив өргөөч гэсэн үүднээс энэ тэмцээнийг хийж байгаа юм шүү.
-“Ирвэсүүд” багийн тоглогч Т.Санчир:
-Хамт тоглож явсан Батхишиг найзын маань биеийн байдал тун муу байна. Өмнө нь бид хандивын үйл ажиллагаа зохион байгуулсныг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ удаагийнх хоёр дахь нь юм. Бидний зүгээс хурдан хугацаанд хийж чадах зүйл нь тоглолт байсан. Тоглолт маань мягмар гарагт болно. Сагсан бөмбөг сонирхдог хүмүүстээ хандаж хэлэхэд “Бид нэг гэр бүл” төсөлд идэвхтэй нэгдээрэй гэж уриалмаар байна. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг. Тийм болохоор хэнд нь ч хэзээ ч өвчин зовлон тохиолдож болно. Тиймээс бүгдээрээ элэг нэгтэй байцгаая гэж хэлмээр байна. Бид бүгд ур чадвараа 100 хувь дайчлан тоглох болохоор та бүгд ирж үзээд өөрсдийн зүгээс бидний найзад туслаарай гэж уриалмаар байна.
-МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга:
-Батхишиг маань лигт тоглож байсан. Мөнгө, хүрэл медальтай. Өсвөрийн улсын аварга болж байсан гэдгийг нь сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус мэднэ. Түүний эмчилгээний зардалд зориулж хийж байгаа тоглолт маань арван мянган төгрөгийн үнэтэй. Энэ тасалбараар мөн тойргийн, улирлын финалын бүх тоглолтыг үзэх боломжтой. Энэ удаагийн тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Тэргүүн хэсэгт нь Ховд, Орхон, Сүхбаатар, Увс, Архангай, Дархан, Хөвсгөл, Төв, Өмнөговь аймагт багтаж байгаа. Харин дэд хэсэгт Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Завхан багтаж буй юм. Эдгээр багт байгаа тоглогчдоос хүндэлдэг тамирчныхаа майкийг худалдаж авах боломж олгоно. Бид өөрсдөө тасалбараа зарна. Мөн энэ тэмцээнд орж байгаа бүх тамирчид тасалбар худалдаж авч орох юм. Урлаг, спортын хүмүүс гэвэл Мөнхбат аварга, жүжигчин Цолмонбаяр, Өөскө, Хөдөлмөрийн баатар Цагаанбаатараас эхлээд бөхчүүд, жүжигчид, дуучид тоглоно.