Хямрал хямрал гэсээр бид мөнгөө хэмнэх тухай л бодох болжээ. Яаж ч хичээсэн мөнгө элс шиг л гарын салаагаар урсаад алга болчихож байгаа биз. Тэгвэл дахиад нэг бодоцгооё. Хүүхдүүдээ сайхан амьдруулж, өөрсдөө ч цатгалан байя гэвэл яалт ч үгүй хэмнэж сурах шаардлагатай тулгарч байна. Ядаж сардаа 100 мянган төгрөг хэмнэж сурцгаая.
Гэртээ хоолло
Цайны газар, ресторанд хооллоно гэдэг хэтэвчийг чинь ёстой л нэг хоосолсон шиг хоосолно доо. Та долоо хоногт ажлын өдрүүдэд 5 удаа цайны газарт, эсвэл зоогийн газарт хооллодог гэвэл хамгийн багадаа 30 мянган төгрөгийг шим тэжээлгүй хоолонд зарцуулж байна гэсэн үг. Хямрал болоод хаа сайгүй төсвөө танаж байгаа болохоор цайны, зоогийн газар, ресторанууд аль нь ч гэсэн орцоо хасаж байгаа гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ жишгээр үзвэл та дор хаяж 210 мянгыг зөвхөн хоолонд зарцуулж байна. Тооцоолоод үзээрэй, үүнээс нэг их зөрөхгүй дээ.
Үүний оронд гэртээ хоолоо бэлдээд ажилдаа аваад яваад байвал та энэ мөнгийг хэмнэж чадна. Өмнөх орой нь бэлдээд хоноход маргааш өглөө нь 10 минут л шаардлагатай шүү ээ.
Кофе чанагч ав
Та олон мянган эрч хүчний эрэлчдийн адил кофе уухгүй л бол ажлаа хийж чаддаггүй хүн юм биш биз. Өдөрт заавал Coffee Bene эсвэл аль нэг кофе шоп руу орж нэрсэн кофе уухгүй л бол тэр өдрийг төсөөлж чаддаггүй нэгэн үү. Чанартай кофе уух нь буруу зүйл биш л дээ. Харин түүнд үрдэг мөнгийг яаж үр ашигтайгаар хэмнэлт болгох талаар бодоцгооё. Та кофе чанагч худалдаад л авчих. Ажлын ширээн дээрээ тавьчихсан байхад элдэв кофе шоп орох шаардлагагүй болно. Кофе шопт үрдэг мөнгөөрөө данс нээж хадгаламж үүсгэ.
Ус буцалгагчнаас татгалз
Өдөр бүр ус буцалгагч чинь асаалттай байдаг уу. За тэгвэл энэ чинь танай гэрийн эрчим хүчний зарцуулалтын 40 хувийг дангаараа иддэг гэдгийг судлаачид нотлоод байна. Үүний оронд халуун сав ашигла. Ус буцалгагч дэмий гэдгийг бид нэгэнт мэдлээ шүү дээ.
Ухаалаг худалдан авагч бол
Гэрт талх, масло байсаар байтал дэлгүүрээс нарийн боов, чихэр, жигнэмэг авдаг юм биш биз. Байгаа зүйлээ нэмж аваад байна гэдэг чинь яавч ухаалаг худалдан авалт биш шүү дээ. Элдэв жижиг сажиг зүйлд мөнгөө бүү үр. Ганц жигнэмэг 800 төгрөг л гэдэг шүү дээ гэж та бодож байна уу. Тэгвэл долоо хоногт 3 удаа жигнэмэг авдаг гэж үзвэл зөвхөн амны зугаа гаргах энэ хэрэглээнд та сард 10 мянган төгрөг үрж байна.
Фитнесст явахаа боль
Дасгал хөдөлгөөн чухал гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ сард 80-90 мянгыг зөвхөн фитнесст явахын төлөө үрнэ гэж үү? Үүнийхээ оронд өглөөдөө тогтмол гүй. Өдөртөө илүү их хөдөлгөөнтэй байхад л болно шүү дээ. Өөрөө өөртөө арчаатай байж зөв хоолло.
Та фитнесст мөнгөө үрэхийн оронд найзуудтайгаа өглөөдөө тогтмол гүйж, ганц хоёр буудал хүрэх газар алхаад байвал жингээ ч барина, жилдээ дор хаяж 600 мянган төгрөг хэмнэнэ гээд бод доо.
Одоо харин мөнгөө хадгал
Мөнгөө хэмнэж болох аргуудын талаар хамтдаа судаллаа. Тэгвэл одоо хэмнэж чадах мөнгөө хадгалцгаая. Гэхдээ мөнгөө өөр зүйлд үрэхээсээ өмнө заавал хадгална шүү. Маргааш болъё, яг энийг авчихаад л үлдсэнийг нь банкинд данс нээгээд хийчихнэ гэж өөрийгөө мянгуужингийн үлгэрээр бүү хуураарай.
Эх сурвалж: Mongoljingoo.mn