2015 онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уран барималч Ё.Далх-Очирын гаргасан саналын дагуу Нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй тэмээн жингийн цуваа бүхий цогцолбор баримлыг барихыг дэмжсэн.
Энэ дагуу өнөөдөр цувран алхаж яваа 5 тэмээний өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй орон зайн баримал баригдаад байгаа юм.
Эл цогцолборт нийтдээ есөн тэмээ, морьтой хүн, жинг дагаж яваа банхар нохой гээд тухайн үеийн жин тээж буй бүх л дүр төрхийг харуулахуйц баримлуудыг багтаах аж. Цогц баримлын ажил 80 хувьтай байгаа бөгөөд энэ зургаан сард эхнээс нь байрлуулж эхлэх гэнэ.
Уран барималч Монголд л байсан нүүдлийн соёл иргэншлийн тухай шууд санагдуулахуйц энэ бүтээлээрээ дэлхийд алдартай “Торгоны зам”-д Монгол тэмээний гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд зөвхөн худалдаа наймааны ач холбогдолтой мэт боловч, олон орны соёлыг ч мөн тээж явсан юм шүү гэсэн санааг харуулахыг зорьжээ.
Д.Тамир