Маргааш хүүхдийн баяр. Бяцхан үрс баяр жаргалаар дүүрч, бэлгэнд дарагдахыг мөрөөдөж үнэгчлэн зүүдэлж хонох энэ шөнийг яахан мартах. Аав ээж, гэр бүлийнхнийхээ л бэлгийг хүлээнэ дээ. Харин ийм үнэт зүйлсээ өөрсдөө огтхон ч буруугүй байж алдсан хүүхдүүд л хөөрхий. Тэдэнд уг нь улстөрч ах эгч нар бэлэг өгч аз таарах нь бий. Гэхдээ энэ удаад “сонгууль” гэдэг нэг “саад” байгаа гэсэн. Тэр сонгуулиас болоод хүүхдэд бэлэг тарааж болохгүй юм гэнэ ээ…
Хүүхдүүд ингэж л бодож байгаа. Тэд зарим улстөрч ах нарынхаа их улайрлын үр дүнд, өөрсдийнх нь хувьд ардаа хэдэн тэгтэйг нь ч мэдэхгүй 15 сая төгрөгийн өрөнд орчихсон яваагаа анзаарах сөхөөгүй л яваа. Бүгдээрээ биш ээ, хүүхэд бүр 15 сая төгрөгийн өртэй. Ээжийн чинь “гэдсэнд” байгаа удахгүй төрөх дүү чинь хүртэл өртэй төрнө гэвэл тэд магадгүй “Худлаа” л гэх байх.
Харамсалтай нь ийм нэгэн засаж залруулахад бэрх алдааг өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар хийсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувийн хэвшлийн өрийг тооцвол 21 тэрбум ам.долларын өртэй. Сангийн сайд Б.Болор энэ оны гуравдугаар сард улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллийнхээ үеэр энэ өрийг гурав дахин “бууруулж” Засгийн газрын нийт өр долоон тэрбум ам.долларт хүрсэн. Үлдсэн нь хувийн хэвшлийн байгууллагуудын авсан зээл юм” гэж тайлбарласан. Гэхдээ түүнийг мэдээлэл хийснээс хойш ч өр нэмэгдсээр байсан. Ямартай ч Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр бол АН-ын үед Засгийн газар, Монголбанкнаас зөвхөн 2012-2015 онд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг бол хүүхэд хүртэл цээжлэхээр боллоо. Дээр нь Хятадын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 185 сая, дээр нь 115 сая ам.доллар, ХБНГУ-ын “Коммерц” банкнаас 13.1 сая болон 13.9 сая евро, “Дим сам” бонд буюу нэг тэрбум юань, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн 15 тэрбум юань буюу 2.3 тэрбум ам.доллар, дахиад “Кредит Свисс” банкнаас 250 сая ам.доллар, Засгийн газрын баталгаат 500 сая ам.доллар гээд дөрвөн жилийн хугацаан 6 тэрбум 71 сая 900 мянган ам.долларын өр тавьсныг чуулганы үеэр сонссон.
Үүнээс хойш Энэтхэгийн Засгийн газраас авсан нэг тэрбум ам.долларын зээлээс эхлээд нэмэгдээд л байгаа болохоос хасагдлаа гэх нь тун ховор дуулдах аж. Энэ бүх зээлээ одоогийн Сангийн сайд Б.Болор “Зах зээлийн эдийн засаг гэдэг бол мөнгө босгохыг хэлж байгаа юм. Авсан зээлээ зөв зарцуулж, эргэлтээс нь мөнгө олж зах зээлээ тэжээнэ гэсэн үг. Энэ бол цэвэр зах зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал. Тиймээс бид мөнгө олохдоо л анхаарах хэрэгтэй” гэж тайлбарласан юм. Дээр нь “Бид УИХ-д алдагдалгүй төсөв өргөн барьсан ч хүлээж аваагүй. Тиймээс төсвийн алдагдал нэмэгдээд байгаа юм” гэж “уснаас хуурай гарах” оролдлого хийсэн ч өнөөх Их хуралдаа өөрөө сууж байгаа болохоор яалтай билээ.
Яаж ч тайлбарлаад монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо. Үүнээс төлөгч иргэнд юу ч ногдоогүй, нэг ч өрхийн хаалгаар мөнгө, тэр тусмаа ам.доллар орж ирээгүй нь үнэн. Өнөөдөр айл бүр олсон орлогынхоо зургаан төгрөг тутмын нэгийг өрөнд төлж байна. 2017 оноос илүү ихийг төлнө. Учир нь монголчууд их хааныхаа нэрийг худалдаж идсэн “Чингис” бондоо төлж эхэлнэ. Сангийн яамны тооцоогоор Монгол Улс 2017 онд хоёр их наядыг өрийн төлбөрт төлнө. Энэ нь монгол айл бүр орлогынхоо зургаан төгрөг тутмын хоёрыг өрийн төлбөрт төлнө гэсэн үг. Зөвхөн хүүнд нь төлж байгаа 970 тэрбум төгрөг бол цалин, тэтгэврийг 200-300 мянган төгрөгөөр нэмэх мөнгө. Өмнө нь хоёр дахин нэмэгдэж байсан цалинг энэ дөрвөн жилд огт нэмээгүй, тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэг удаа л нэмсэн гээд бодохоор энэ үзүүлэлт дэндүү харамсалтай. АН-ынхан Засгийн эрх барьсан дөрвөн жил иргэддээ харгис хандлаа гээд хэлчихэд хатуудахгүй биз.
“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ оноос эхэлж, ирэх оноос эхлэн жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн энэ төслөөр орж ирэхээр хүлээгдэж байгаа нь эерэг хандлага мөн” гэж Монголбанкны албан ёсны эх сурвалжууд мэдэгдсээр байгаа. Уг нь их аятайхан хөрс, суурьтай байна. Мөнгөний бодлогын хүү 1.5 хувиар буурч 10.5 хувь болсон. Энэ гоё үр дүн өнөө жил төдийгүй ирэх оны нөхцөл байдлыг бодолцоод үзэхэд тэр үед бид нэг тэрбум ам.долларын өр төлөх болж таарч байна. Хэрэв төсөв алдагдалгүй байсан бол бодлогын хүүг 2-2.5 хувиар бууруулж болох байв. Дараагийн аюул гэвэл тэр “далайц” хамгийн түрүүнд банкны зээлийн хүүнд мэдрэгдэнэ. Цаашлаад инфляц, мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, валютын ханш гэхчилэн макро эдийн засгийн гол үзүүлэлтэд нөлөөлөх болно. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тул инфляц өсөх хандлагатай болно. 1.9 хувь биш, 2.9 хувиас дээш өсөх ч магадлалтай. Банкуудын олгож буй зээлийн хүү багасах эерэг нөлөөтэй. Нөгөө талаас хадгаламжийн хүү ч доошилно. Энэ талаас нь харвал төгрөгийн үр өгөөжийг хумьж байгаа хэрэг. Төгрөгөөр хадгалуулахаар үр өгөөж нь хумигдах учраас хүмүүс ам.доллароор хадгалуулах сонирхолтой болж магадгүй. Эдийн засаг ам.долларжих сөрөг нөлөө бий. 1.5 хувь буюу бодлогын хүүг нэлээд далайцтай хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй. “Оюутолгой” төслийн санхүүжилт орж ирвэл энэ онд эдийн засаг 3.5 хувиар өснө. Харин валютын ханшид сөрөг нөлөөтэй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өснө гэсэн үг. Яагаад гэвэл зээл нэмэгдэх учраас тэр. Аливаа зээлийн 50 орчим хувь нь импортыг санхүүжүүлдэг тул ам.доллар, юанийн эрэлтийг өсгөдөг. Эрэлт нэмэгдэхээр ханш нь өснө. Энэ мэтчилэн сайн, сайхан гэж бидэнд бэлэглэж буй хөнгөлөлттэй зээл бүхэн эргээд бидэнд аюул авчрах магадлал өндөр байна. Товчхондоо АН-ын Засгийн газраас өгч буй бэлэг бүхэн дотроо “тэсрэх бөмбөг” тээсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй…
З.ЦЭЦЭН