Улс, хотын бүтээн байгуулалтанд зүтгэж яваа том оврын тээврийн хэрэгсэлийг бүү “гадуурхаач”. Тэд өөрсдөө том машин авч “зугаалаагүй” шүү дээ. Ажил хийж амьдрал ахуйгаа залгуулж яваа ажилчин “ангийнхан”. Өдрийн цагаар мэдээж тэднийг “ад үзээд” хөдөлгөөнд оролцуулахгүй. Хот угаас машиныхаа тоог болон хөдөлгөөнийг дийлэхгүй зам байгууламжтай. Гэтэл шөнийн цагаар шороо тээвэрлэн яваа том машиныг замын цагдаа нь “ад үзээд” явуулахгүй.
Ад үзээд гэдэг нь элдэв бичиг баримт, тусгай зөвшөөрөл, жолоочийн аюулгүй ажиллагаа гэхээс илүүтэйгээр бараг “шорооны бүтэц асуух” хэмжээний үйлдэл болно. Хэдэн тонныг ачсан, яг одоогийн жин гэх мэтээр жижиг хэмжээний байцаалт авна. Аль болох боломжоороо их хотын бүтээн байгуулалтанд зүтгэж яваа, ажил олдсон аавын хүүг онц ноцтой асуудал үүсгээгүй л бол “тайван” байлгаач. “Зам эвдлээ” гэх ганцхан шалтгаан хэлнэ. Тэгээд том оврын ажил хийж яваа машин хаагуур явах юм бэ? Угаасаа “даацын зам” гэх зүйлгүй манай хот тэгээд яах юм бэ? Бүтээн байгуулалтаа хэрхэн яаж хийх юм бэ? Зам барилга барихгүйгээр бид өргөжин тэлэх өөр арга зам байна уу. Таван ханатай гэрээ бариад буухад хүртэл л газар тэгшлэх шороо хэрэг болж л байгаа ш дээ.
Хотод ойр байх хайрганы каррерыг яриад ч хэрэггүй. Тоос босголоо гэж иргэд “уурсан” хаалт, хаалга хийнэ. Түүнээс нь болоод уулан дээгүүр том машинаараа явж ажил хийнэ. Тэдний асуудлыг өдий болтол яагаад шийдэж болдоггүй юм бэ. Хайрга, дайрга хэрэглэж байгаа барилгын компаниудад түүхий эдийг нь нийлүүлэх нэн шаардлага байгаа. Тэгэхэд тэд замын цагдаад “танил талтай” байж л ажлаа хийх ёстой хэрэг үү.
Их бүтээн байгуулалт идэвхитэй өрнөж байгаа энэ он жилүүдэд тэдэнд зориулалтын зам барьж өгөх ч гэсэн боломжгүй хэрэг. Учир нь хаа сайгүй барилга баригдаж байгаа энэ үед тэд байшин барилгын голоор “чихэж” эргэх, манневарлах боломжгүй болтлоо “шавааралдсан” газраас ажил хийж байгаа шүү дээ. Олон аавыг хүүхдийн ажилтай байлгаж байгаа барилгын салбарын энэ их үйлст дэмжлэг болохгүй юмаа гэхэд “төвөг” болохгүй байя л даа. Хятад ажилчид олон зуугаараа ирж ажиллаж байхад Монгол залуус ажилгүй хэвтдэг цаг тулан ирсэн.
Гэхдээ бид л бие биенээ дэмжихгүй юм бол өөр хэн биднийг дэмжих юм бэ? Том оврын машинаар ажил хийж яваа монгол залуусыг бүү “бомилооч” замын цагдаа болон ард иргэдээ. Монгол залуус ажилгүй л гэх юм ажил хийе гээд, нэг юм ажил олдохоор иргэд өөрсдөө гадуурхаад, хууль хүчнийхэн “шалтаг” хайгаад ажиллуулахгүй юм. Харин Хятад болон Вьетнамуудыг ажил хийх болохоор “болоод, болгоод” байдаг нийгэм энэ үү? Бид өөрсдөө хэсэгхэн хугацаанд л тэсээд тэвчээд залуусаа ажилтай, их хотоо бүтээн байгуулалттай, иргэд нь тэвчээртэй, ухаантай байж болно доо уг нь.
Б.Саран