Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр иргэд амгалан тайван байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” А/46 дугаар тушаал гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
Онцгой байдлын албан хаагчид Чингис хааны нэрэмжит талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоо худаг, Найрамдал зуслан зэрэг газарт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг газарт иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, Бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам, Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, Зүүн салаа, Баянголын ам зэрэг газруудад аялж, амарч байгаа иргэдэд, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус зөвөлгөө өгч, сэрэмжлүүлж ажиллажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй нийт 21 бүлэгт хувиарлагдаж, ногоон бүсийн эргүүл, усны ослоос урьдчилан сэргийлэх гэсэн хоёр чиглэлээр явж урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж ажилласнаар иргэд, хүүхэд багачууд гол усны осол эндэгдэлгүй, нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.