Өөрийгөө тунгалаг ариухан, яг л болор шиг гэж ирээд байнга магтаж явдаг Х.Болорчулуун гишүүний талаар буртагтай мэдээ олноор илрэх боллоо. Нэгээхэн жишээ татахад, “дорнодчуудыг хамгийн хямдхан гурилаар хангаж, ашиггүй ч гэсэн ард түмнээ тэжээхийн тулд гурилын үйлдвэрээ ажиллуулдаг” гэж ярьж явдаг нь огтоос худал болоод байна.
Дорнод аймаг дахь хүнсний дэлгүүрүүдээр шагайхад л үүнийг нотлоно. 600 км-ын цаанаас УБ-аас зөөж ирсэн гурилыг эндхийн дэлгүүрүүд Дорнод гурил ХХК-ийн үйлдвэрлэсэн гурилаас хямд зарж байна. Халх голд тариалан эрхлэгчдийн ярьж байгаагаар УБ-т тонн буудай 600 мянган төгрөгөөр худалдаж авч байхад Х.Болорчулуун нутгийн тариаланчдыг боомилон, монополь байдлаа ашиглан “300 мянгаар өгвөл өг, үгүй бол боль” гэж тулгадаг гэнэ. Энэ бүхнээс харахад Х.Болорчулуун дорнодынхноос хорвоод байхгүй хямд үнээр буудай авдаг мөртлөө буцаагаад монголд байхгүй өндөр үнээр дорнодчууддаа талх шахаж суудаг хүн болж таарч байна. Хэрвээ нутагтаа үнэхээр элэгтэй хүн байсан бол дорнодчууд нийт монголчуудаас 2 дахин хямд талх илдэх учиртай бус уу.
Энэ ч яахав бизнесийн зарчмаар явж байгаа гэхэд үүнээс ноцтой мэдээлэл дэлгэгджээ. Тодруулбал, Х.Болорчулууны эзэмшлийн Дорнод гурил ХХК 2013 оны 10 дугаар сард Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан(ТЭДС)-гийн 1276 тонн буудайг хавар болтол өөрийн агуулахад хадгалж байх гэрээ хийгээд төлбөрөө бүрэн авчээ. Хавар 5 сард ТЭДС хадгалуулсан буудайгаа авах гээд очтол хоосон агуулах угтсан байна.
Учрыг лавлабал 2014 оны 4 сард Дорнод гурил компанийн нөөц дууссан учраас танай буудайг хэрэглэчихсэн гэж тайлбарласан гэнэ. Үнэн хэрэгтээ бол 2 сард ТЭДС-гийн буудайг Дорнод гурил ХХК өөрийн үйлдвэрлэлд хэрэглэхийг хэрэглээд, бусдад зарахыг зарж өчнөөн ашиг унагачихсан юмсанж. Хүний юмыг зөвшөөрөлгүйгээр авахыг “хулгай” гэдэг. Тэгэхээр энэ бол хулгайн гэмт хэрэг мөн гэж ойлгогдож байна.
Хоёр талын байгуулсан Гэрээний 7.3-т заасан ёсоор бол “Хадгалагч тал нь Хадгалуулагч талын зөвшөөрөлгүйгээр ашигласан, дутаасан тохиолдолд буудайн үнийг 2 дахин нугалж өгөх үүрэгтэй” аж. Гэтэл улсын өмчийг дур мэдэн авч, хэрэглэчихээд үнийг нь төлөхийн оронд хадгалалтын хөлсөндөө суутгаж авах маягийн зүйл ярьж, эсэргүүцэж эхэлжээ. Уг нь Х.Болорчулуун өөрийнхөө тарьсан тариаг ТЭДС-д өндөр үнээр борлуулсан байдаг. Дараа нь түүнээс авсан буудайгаа ТЭДС тэдний агуулахад хадгалахдаа сар бүр 19 сая 133 мянган төгрөгийн хөлстэйгээр хадгалж. Гэхдээ мөнгийг улирлаар тооцож хадгалагч талд шилжүүлсэн байна. Гэтэл нөгөөх нь тэдний хадгалуулсан буудайг зөвшөөрөлгүй хэрэглэчихсэн байдаг. Ийм ичгүүргүй, бусармаг хэрэг үйлдчихээд өөдөөс нь “бэлэгдлийн чанартай гэрээ байсан” гэх тайлбар яриад сууж байгаа хүнийг ойлгож ядахдаа ТЭДС арга буюу хуулийн байгууллагад хандсан байна.
Улсын Мөрдөн байцаах газраас энэ хэрэгт 20160100055 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад улсад 586.7 сая төгрөгийн хохирол учруулсан онц ноцтой гэмт хэрэг болохыг тогтоож яллах дүгнэлт үйлдүүлэн прокурорт шилжүүлсэн байна. 586.7 сая төгрөг бол алдагдсан буудайны л үнэ. Үүн дээр хадгалалтын хөлс гэж авсан 172 сая 193 мянган төгрөгийг бас луйвардуулсанд тооцох ёстой. Яагаад гэвэл нэгэнт хадгалуулсан буудай байхгүй болсон юм чинь хадгалалтын хөлс гэж байх ёсгүй. Тийм болохоор нийт дүнгээрээ 758.9 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэж тооцох учиртай юм.
Гэтэл тодорхойгүй шалтгаанаар энэ хэргийг прокурор дээр дарагдуулж, шүүхэд шилжүүлэхгүй барьсаар байгаагийн шалтгааныг хуулийн байгууллагууд тогтоовол айхтар сэжүүрүүд хөвөрч мэдэхээр байна. Х.Болорчулуун нь Сонгуулийн хуулийн 125.4.1, 125.4.2, 125.4.3. заалтуудаас айж эмээсний улмаас прокурорт нөлөөлөх замаар хэргийг дарагдуулж байж тун мэдэхээр логик энд үүсээд байгаа билээ. Сонгуулийн хуулинд зааснаар бол Нэр дэвшигчийг дараах заалтуудаар нэрсийн жагсаалтаас хасах нөхцөл үүсдэг:
-банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх;
-хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
-нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
Х.Болорчулуун эдгээр болзлыг аль хэдийнэ хангачихсан тул нэрсийн жагсаалтаас хасагдах нь тодорхой болж байх шиг. Тэр сонгогдлоо ч нэгэнт хууль зөрчсөн бол эргүүлэн татах журамтай ажээ.
Нийтийн өмчөөс хулгайлсан 758.9 сая төгрөгөөр 70 сая кг гурил, 28 сая ширхэг талх авч болно. Дорнод аймаг 50 мянган хүнтэй. Тэгэхээр дорнодчуудын 3 жил идэх талхыг ганц Х.Болорчулуун туучихсан юм биш биз? Гурилын хулгайчийн гуя цагаарч баригддаг гэсэн ардын үг бий.
Ядарч өлсөхийн эрхэнд дэлгүүрээс нэг ширхэг талх хулгайлсан аймгийн төвийн иргэн Р.Чойжоо 2007 онд 1.6 жилийн хорих ял авч байсантай үүнийг жишвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун яах бол?
Эх сурвалж: www.shuud.mn