Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол цуур” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэхүү олон улсын наадам-симпозиум зохион байгуулсан юм.
Энэхүү наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгарын орон, ОХУ-ын Тува улс, манай аймгуудаас ирсэн 40 гаруй цуурч, судлаач оролцон, 10 гаруй судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.