Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо.
Хурлаар баяр наадмын төсөв, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар товч мэдээлэл хийлээ.
Нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар найруулна.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй ажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд үүрэг болголоо.
Мөн Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг үүрэг болголоо.
Наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй байхаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.