Замын хавтанг солих нэрийдлээр мөнгө угаах болсон уу?

1465348177_527-146527046055

Зуны турш үргэлжлэн орох бороо шинээр тавьсан автозамын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг. Ус зайлуулагчгүй учраас борооны усанд автозам эвдэрч, хашлага нь нурдаг.
Үүнээс шалтгаалан замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажлыг жил бүр л хийх юм. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй 9364.7 ам метр явган хүний замын хавтанг хуулж шинээр тавих болсныг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Тодруулбал, Энхтайван, Нийслэл хүрээ, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Зайсан, Гэндэн, Олимп, Их сургууль, Токио, Сүхбаатарын гудамжны явган хүний замын хавтанг шинэчилж байна.
Гэтэл эдгээр гудамжны замын хавтанг өнгөрсөн жил ч тавьж л байсан. Уржнан ч мөн адил. Явган хүний замын хавтангийн нэг ам метрийг 40 мянга, хуучин замын , засварын ам метрийг нь 15-20 мянгаар хийдэг. Эдийн засаг хямарч, улс эх орон элгээрээ хэвтэх дээрээ тулчихаад байхад энэ мэт ажилд хөрөнгө зарцуулах зөв үү. Бодох л асуудал.
Хотын төв бус гэр хорооллынхоо замд анхаараасай
Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгийг цацдаг энэ үйлдлийг иргэд “Улстөрчдийн мөнгө угаах нэг арга” хэмээн тодотгож байна. Баянзүрх дүүргийн иргэн Б.Өлзий “Ноднин тавьсан замаа энэ жил хуулаад дахин тавьж байна. Жил бүр ингэж дэмий зүйлд мөнгө зарцуулах нь ихэслээ. Явган хүний замын хавтанг солих нэрийдлээр сүүлийн жилүүдэд улстөрчид багагүй мөнгө угаалаа. Энэ бол улстөрчдийн мөнгө угаах нэг арга болчихжээ. Үүнийг хэн толгойлоод байгаа нь хачирхалтай. Энэ бүх дэмий үйлдэл нь улс эх оронд маш хор хохиролтой байна.
Ийм дэмий зүйл хийхийн оронд гэр хорооллын замаа янзлаач ээ. Гэр хороололд хүн явчихаар олигтой зам алга. Оршин сууж буй айлууд нь шороо тоосондоо дарагдчихсан. Явж байгаа газар нь энхэл, донхол, харанхуй шөнө хамраараа газар хатгаж унахаар. Улсын төсвийн мөнгийг иймэрхүү байдлаар үрчихээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Улсын эрх барьж буй түшмэд эрх мэдлээ хэтрүүлж ашиглахаас биш үүргээ биелүүлдэггүй. Дураараа улсын санг хоосолчихоод, дахин бүрдүүлэхийн тулд зээл авдаг. Ингэхээр ард түмний амьдрал доройтохоос өөр яах билээ” гэв. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Оюунханд “Энэ бол дээдчүүлийн мөнгө угаах арга. Ард түмнийхээ амьдралд зарцуулахгүй хэрнээ буруу зүйлд хэтэрхий их мөнгө үрж байна. Одоо миний зогсч буй төв зам зүгээр л байсан. Жил бүр явган хүний замыг тавьж, хуулаад ямар ч үр ашиггүй зүйл хийж байна.
Одоо үүнийгээ болиоч ээ. Зогсоогооч. Үүний оронд ядарсан ард түмнээ анхаараач. Зам ч гэлтгүй барилгын ажил мөн ялгаагүй ямар ч үр бүтээлгүй өрнөж байна. Бариад л байдаг. Эцэст нь ямар ч үр дүнгүй байгааг иргэд мэдэж байгаа байх’’ гэлээ. Харин Хан-Уул дүүргийн иргэн С.Долгор “Эдийн засаг хямарлаа, мөнгө төгрөггүй боллоо. Гаднаас өчнөөн төгрөгийн зээл, тусламж авлаа гэж байнга ярих хэрнээ энэ мэт зүйлд мөнгө үрж байгаа нь буруу гэж бодож байна. Нэг эхэлсэн зүйлээ гүйцээдэггүйн хар гай. Өнгөрсөн жил энэ замын хавтанг хийж байсан. Одоо болохоор өнгөрсөн жил хийсэн замаа хуулаад дахиж нэг улаан өнгөтэй хавтан тавьж эхэллээ. Өмнөх жилийнх нь яачихсан юм, бүү мэд. Энэ улс эх орны толгой хаашаа ч яваад байгаа юм. Үүний оронд гэр хорооллын зам, гэрэлтүүлгийг янзалж, хотын зах, хязгаар руу түлхүү анхаарч ажилламаар юм” хэмээн бухимдаж байв.
Чингисийн өргөн чөлөөний явган замыг солиход 120 сая төгрөг төсөвлөсөн
Явган хүний замын хавтанг солихдоо дутуу орхисноос дараа жил нь ажлыг үргэлжлүүлэх боломжгүй, эхнээс нь хийхэд хүргэдэг байна. “Өнгөрсөн жилүүдэд явган хүний замын хавтанг хэсэгчлэн хийж явсаар зарим хэсэг нь үлддэг. Түүнийг нь үргэлжлүүлэн хийе гэхээр тухайн төрлийн хавтан нь байдаггүй. Тиймээс өнгөрсөн жил тавьсан хавтангаа хуулж энэ жил дахин шинээр хийхээс өөр аргагүй болсон” хэмээн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Даваахатан ярив.
 Тэрбээр “Энэ жил АСЕМ-тай холбогдуулан 13 байршлын явган хүний замын хавтанг шинээр сольж, заримыг нь засч байна. Гудамж бүр харилцан адилгүй хэмжээтэй учраас 22 хэсэгт хуваагаад нийслэлийн Төрийн захиргааны байгууллагын хот тохижилтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хянаж байгаа. Миний хувьд Чингисийн өргөн чөлөөний зам дагуух тохижилтын ажлыг хариуцаж байна. Энд нийт 7000 ам метр урт явган хүний зам байдаг.
Тэрнээс шаардлага хангахгүй байгаа хэсгийн хавтанг сольж, 4400 ам метрт дугуйн зам тавьж байна. Энэ ажил одоогоор 60 хувьтай явж байгаа. Чингисийн өргөн чөлөөний явган замын хавтанг солих, засах ажилд 120 сая төгрөг төсөвлөсөн. Хуучин хавтангуудаа тоо ёсоор нь бүртгэж хүлээж аваад гэр хороолол юм уу харьцангуй жижиг гудамжид цул шороон замыг хавтанжуулах ажлыг хийгээд явж байна. Явган хүний замын хавтанг солих ажлыг 10 гаруй компани хийж байгаа байх. Яг нарийн тоог хэлж мэдэхгүй байна” гэлээ.
Ер нь, хотын утаа, хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга, бизнесийн бүлэглэл бий болчихсон юм биш үү. Дээдчүүл нь хавтанг сольж байна гэж иднэ. Доодчуул нь нэг хэсэг замын хашлагын бизнес цэцэглэж байсан шиг явган хүний замын хуучин хавтангаа цааш нь дамлаж багагүй мөнгө олдог бололтой. Төв зам дагуух явган хүний замын хавтанг сольж буй ажилчидтай хэсэг зуур ярилцахад “Хэдэн ширхэг хавтан хэрэгтэй вэ. Хүргээд өгч болно” хэмээж байсан нь энэ хардлагыг батлах шиг болсон.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …