Б.Болдбаатар: Би прокурорын байгууллагынхаа сүлдэнд сүсэглэн залбирч явдаг

1465355746_1465283405_img_7787

Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүр ажилтай хөнгөн атлетикийн спортын мастер Б.Болдбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна
– Юуны өмнө танд “Улаанбаатар марафон 2016” тэмцээнд прокурорын байгууллагаа төлөөлөн амжилттай оролцсонд баяр хүргэе. Прокурорын байгууллагад хэрхэн орж ажилласан талаар ярилцлагаа эхлүүлье.

– Баярлалаа. Намайг Буриадын Болдбаатар гэдэг. Говь-Алтай Есөн зүйл сумын уугуул. Одоо Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүрийн ажлыг хийж байна. Прокурорын байгууллагад 8 дахь жилээ ажиллаж байна.

Миний ээж Говь-Алтай аймгийн прокурорын газарт галч, үйлчлэгч, зарлагын ажлыг 32 жил хийсэн Г.Дулам гэж хүн бий. Одоо 85 настай Улаанбаатар хотод энх тунх амьдарч байна. Би 1980 оноос анх хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхлээд 1990 онд зах зээлийн нийгэмд шилжих үеэр спортоо орхиж хувиараа ажил эрхэлдэг байлаа.

Гэтэл 2008 онд тэр үеийн аймгийн прокуророор ажиллаж байсан н.Энхтөр прокурор намайг дуудуулж өөрийн жолоочоо явуулсан байсан.

Ороод уулзтал прокурорын газрын жижүүрээр ажиллаж байсан эмэгтэй мэргэжил дээшлүүлж суралцахаар 3 сарын хугацаатай явсныг дуулгаад, ээжийнхээ нэр төрийг бодоод сайн ажиллаж чадна гэвэл тэр хүний оронд ор гэсэн саналыг тавьсан. Ингээд л би бөөн баяр болж зөвшөөрөөд анх прокурор гэдэг их айлд хөл тавьж орж байлаа. Түүнээс хойш прокурорын байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж өдий зэрэгтэй ажиллаж сайхан хамт олонтой яваадаа баярладаг.

Миний ээж өөрөө ч прокурорын байгууллагад нэр хүндтэй ажиллаж байсан.Ээжийн зураг УЕПГ-ын хүндэт самбарт байдаг байлаа. Би тухайн үеийн НААХЯ-ны “Хүч нийгэмлэг”-т цэргийн алба хашиж байсан л даа. Бэлтгэлийн заал нь одоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын заал болсон байна лээ. Тэнд ирж бэлтгэл хийдэг байхдаа оны цэргүүдээ  Ерөнхий прокурорын газарт дагуулж оруулаад хүндэт самбарт байгаа ээжийнхээ зургийг харуулж их бахархдаг байлаа.

Ер нь би өөрийгөө их жаахнаасаа энэ байгууллагад ажиллаад эхэлчихсэн гэж боддог ш дээ./инээв/. Ээж маань 1964 оноос эхэлж ажилласан байдаг. Тэгэхэд аймгийн прокурорын газрын байрыг галлаж, халаадаг байсан. Тэр үед би 3 настай жахаан хүүхэд ээж, ах, эгч нараа дагаж ажил дээр нь ирээд мод хөрөөдөхөд дээр сууж өгдөг байж билээ. Жаахан томроод сургуульд орсоны дараа ээж намайг дагуулж, ажил дээрээ ирээд өрөөнүүдээ цэвэрлэнэ. Би ажилд нь тусалж хог шүүрдэх, тоос арчих зэрэг ажлуудыг нь хийлцдэг байлаа. Тэгж явсан минь одоо прокурорын байгууллагад ажиллах үүд хаалгыг минь нээсэн юм билээ. Ээж минь одоо надад “…миний хүү сайн ажиллаарай, их өгөөжтэй сайхан байгууллага шүү” гэж үргэлж захидаг.

– Яагаад хөнгөн атлетикийн спортыг сонирхон хичээллэх болсон юм бэ. Энэ спортод дурлах болсон шалтгаан юу вэ?

– Удам дамжсан гэж хэлж болно. Миний аав хурдан Буриад, түргэн Буриад гэж Говь-Алтай аймагтаа алдартай хүн байсан. Аав маань л намайг дагуулж 14 настай байхад энэ спортод дуртай болгосон.

Өмнө нь би цана, бокс, бөх гээд олон төрлийн спортыг сонирхож байсан л даа. Гэхдээ л надад хөнгөн атлетикийн спорт илүү сонирхолтой санагдсан. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй амжилтуудыг гаргалаа. Тэр үед өрсөлдөөн ихтэй, чанга, хөнгөн атлетикийн спорт өндөр хөгжчихсөн мундгууд олон байсан үе шүү дээ. Тэр үед спортын мастерын болзол  биелүүлж улсын аваргаас 3 медаль авч байлаа. Медаль ч чанартай сайхан байсан үе.

Би өмнө 1990 оноос спортоо түр орхисон гэж хэлсэн шүү дээ. Тэгээд 2010 оноос эхлэн дахин сэргээж, хичээллэж эхэлсэн. Учир нь тухайн үед биеийн жин огцом нэмэгдэж, нойр булчирхай өвдөж эмчид үзүүлэхэд үрэвсэлтэй болсон байна гэсэн. Ер нь хөнгөн атлетикийн спортын сайхан нь үргэлж хөдөлгөөнтэй байж цэвэр агаарт зуны халуун, өвлийн хүйтнийг үл ажран хичээллэдэг болохоор тэрийгээ дагаад эрүүлжих, стресс бухимдалгүй болох, сэтгэн бодох чадвар сайжрах гээд олон давуу талтай, тэнгэрлэг спорт шүү дээ.

Одоо надад бие өвдөнө гэсэн асуудал байхгүй. Жин хэвийн болсон. Ажил төрөл хийхэд түүртэх юм байхгүй. Угаасаа ч миний ажил ийш, тийш гүйдэг болохоор тамирын хувцсаа өмсчихөөд, аймгийн төв дотор өдөржин шогшиж бичгээ тараана. Өвөлдөө болохоор дугуй унаад л ажлаа хийчихнэ.

– Саяхан болж өнгөрсөн “Улаанбаатар-Марафон 2016” тэмцээнд 500 гаруй тамирчидтай уралдаж 11 дүгээр байранд орсон байна. Тэр талаараа сонирхуулаач?

– Саяны болж өнгөрсөн Улаанбаатар марафонд би уг нь бол насны ангилалаараа 5 километрт уралдах ёстой байсан юм л даа.Тэгсэн гэнэт шагнал авах нь яахав ер нь өөрийгөө ямар хэмжээнд байгааг туршаад үзье гэж бодогдоод 18-наас дээш нас хязгааргүй оролцож болдог 21 километрт залуучуудтай уралдаж, шандсаа сорьж үзье л гэж шийдсэн. Тэр орж байгаа залуучууд чинь миний дэргэд байнгын бэлтгэлтэй, шигшээ багийн тамирчин залуучууд шүү. Бас Япон Солонгосоос ирсэн мундаг тамирчид ч их байсан. 50 настай миний хувьд тэдэнтэй хамт гүйхэд огт ажраагүй шүү.

Харин ч ид хүчтэй мориор хэлбэл соёолон мэт хурдтай тэр сайхан залуусийн тоосонд даруулаад энэ хэмжээний амжилт гаргаж прокурорын байгууллагынхаа нэрийг гаргасандаа баяртай байгаа. Эхний 10 байраар тасалсан болохоор арай шагналт байранд орж чадалгүй хамар таслуулчихлаа./инээв/ Хэрэв өөрийн уралдах ёстой насны ангилал болох 36-50 насныхантайгаа уралдсан бол эхний 3-т баталгаатай орох байлаа. Гэхдээ би ийм насны хүмүүстэй уралдаж энэ хэмжээний ажилт гаргаснаараа нас бол зүгээр л тоо хэнд ч зориг, хүсэл байвал хэнтэй л өрсөлдөж болдог юм гэдгийг харуулхийг зорьсон юм.

– Улаанбаатар марафонд хэд дэх удаагаа оролцож байна. Ер нь спортод хөл тавьснаас хойш ямар ямар тэмцээн уралдаануудад оролцож ямар амжилт гаргаж байсан бэ?

– Маш олон тэмцээн марафонд орсон. Тал нутгийн марафонд тэмцээнээс алт, мөнгөн медаль, 2015 онд болсон Солонгос Монголын хамтарсан Марафон гүйлтийн тэмцээнээс мөнгө, Цонжин болдогт болсон Япон Монголын хамтарсан тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байлаа.

Мөн 2015 онд болсон Монголын мастеруудын их наадмаас хүрэл медаль, Олон Улсын тэмцээнээс нь мөнгөн медаль гээд томоохон хэмжээний хэд хэдэн тэмцээнд оролцож амжилт гаргасан. Жижиг хэмжээний уралдаан тэмцээнийг хэлбэл дуусахгүй юм болно./инээв/

Гаднын улсад болсон тэмцээнүүдээс гэвэл 2013 онд  Японы Токио, Китами хотуудад болсон тэмцээнд 4, 5-р байр, 2014 онд Японы Осака хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч авсан. Энэ бүх амжилтад хүрэхэд миний хамт олон прокурорын байгууллагаас маш их дэмжсэн.

Энэ бүх амжилтыг минь үнэлж намайг Монголын хөнгөн атлетикийн холбооноос “Биеийн тамирын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг 2015 онд болсон Прокурорын байгууллагынхаа 85 жилийн ойгоор авсан.

– Мэдээж зөвхөн өөрөө эрүүл сайхан байхаас гадна хамт олондоо ч гэсэн үлгэр дууриалал болох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Прокурорын байгууллагын ажил хүнд, олон цагаар хөдөлгөөнгүй суудаг хүмүүс шүү дээ. Та хамт олондоо спортоор хичээллэхийн ач тусын талаар хир их зөвлөдөг бэ?

Одоогоор манай байгууллагын залуус 7 хоногтоо 1-2 удаа заал авч сагс тоглодог доо. Манайхан өөрсдөө тантай цуг гүймээр байна гэдэг. Тэгж байгаад л ажлын зав нь болдоггүй ч юм уу дараа больё, маргааш больё гэдэг. Энэ бол маш буруу.

Байнгын суугаа ажилтай хүмүүс өдөрт ядаж 30 минут өөртөө зав гаргаж, ажлаа орхиод хөдөлгөөн хийж байх ёстой юм шүү дээ. Ингээд байвал ядаж сэтгэн бодох чадвар нь ч сайжирна.

Хүнд янз бүрийн л асуудал байна. Би заримдаа сэтгэл санаа жаахан тавгүй, ажил төрөл бүтэхгүй үедээ хувцсаа өмсөөд уул руугаа гүйж гараад, алсын бараа хараад зогсож байгаад ирэхээр ямар сайхан болдог гээч. Ер нь prokuror.mn сайтнаас уншиж байхад манай прокурорын байгууллагынхан их спортлог хүмүүс юм билээ. Янз бүрийн тэмцээн уралдаан их болж байдаг. Харамсалтай нь 2 удаагийн том тэмцээн болоход би өөрөө давхар тэмцээнтэй байж таараад орж чадаагүй л дээ.

– Энэ олон жил хөнгөн атлетикийн спортоор хичээллэхэд хамгийн холдоо хэдэн километрт гүйж үзсэн бэ. Мэргэжлийн хүмүүс гүйх ёстой хэмжээ гэж байдаг уу?

– Бэлтгэлийг 5-25 километрт хийх ёстой. Миний хувьд хамгийн багадаа 20 километрт гүйдэг. Яг тэмцээний үеэр бол 42 км гээд тэрнээс дээш гүйнэ. Хамгийн хол гүйсэн гэвэл одоогоос 4 жилийн өмнө Бага хангайд “Хэт холын марафон”-д оролцохдоо шогшоогоор 8 цаг орчим хугацаанд гүйж барианд орж байлаа.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Магадгүй миний асуугаагүй ч хэлэхийг хүссэн зүйл байвал энэ мөчид хэлж болох юм.

Хамгийн чухал зүйл бол намайг тэмцээн, уралдаанд оролцох бүрт нөхцөл боломжоор минь хангаж бэлтгэл хийх цаг, хугацаа гаргаж өгдөг аймгийн прокурор Ганбаатарт чин сэтгэлээсээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.

Төсвийн байгууллага болохоор хэдий их мөнгө төгрөгөөр тэтгээд байхгүй ч гэлээ тэмцээнд явахад цалинтай чөлөө олгож, бэлтгэл хийх цаг зав гаргаж өгдөг нь надад хамгийн чухал тусламж юм шүү дээ.

Ер нь бол би өөрөө 4 зүйлд маш их сүсэглэж залбирч явдаг хүн. Энэ нь нэгдүгээрт: Төрүүлж өсгөсөн аав ээж, хоёрдугаарт: нутгийн уул ус, гуравдугаарт: Прокурорын байгууллагын сүлд туганд, дөрөвдүгээрт: Ямар ч үед ар талыг минь авч явдаг ханьдаа, үр хүүхдэдээ залбирч явдаг даа. Баярлалаа та бүхний ажилд үйлсэд өндөр амжилт хүсье.

– Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Спортын улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Prokuror.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …