Айл гэр болж, олон жил хамтдаа аз жаргалтай амьдарна гэдэг амаргүй. Гэхдээ жаргал зовлонгоо хуваалцаж, амьдралынхаа бүхий л он жилүүдийг нэгэн сэтгэлээр туулсан бат бэх гэр бүл энэ хорвоод цөөнгүй бий. Тэдний нэг болох Британийн хосыг хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдрөөр танилцуулъя.
Өдгөө 107 настай Карам өвгөн эхнэр 100 настай Катари Чандытайгаа 87 жил хамт амьдарч, Гиннесийн амжилтад бүртгэгджээ. Тэд 90 шахам жилийнхээ амьдралаар дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Карам, Катари Чанды хоёр Энэтхэгийн Пенжабт төрж өсөн, тэндээ танилцжээ. Ингээд удалгүй дотносч, хуримаа хийгээд Английн Бредфорд хотод ирж, суурьшсан байна. Гиннесийн амжилтын номонд өмнө нь энэ төрлөөр амжилт тогтоосон хос байсан аж. Гэхдээ Карам, Катари Чанды нарын амьдрал өмнөх амжилтаас таван жилээр илүү учраас Гиннест бичигджээ.
Карам, Катари Чанды нар 1925 онд гэр бүл болжээ. Өдгөө энэ хос найман хүүхэд, 28 ач, зээ, тоолж баршгүй олон гучийн хамт өнөр өтгөн, аз жаргалтай аж төрж байна.
90-ээд жил хамт амьдарсан болохоор эхнэр Чанды нь гэр бүлийн бат бэх амьдралын нууцыг хэнээс ч илүү сайн мэднэ. Түүний зөвлөснөөр хосууд хамгийн гол нь байнга инээмсэглэж, инээд хөөрөөр дүүрэн байж, бие биеэ сайтар асарч тойглох ёстой.
Түүнчлэн нөхөр Карам нь ч “Миний гол нууц бол Катаригаа илүү их хөгжөөх юм. Би хошигнож, егөөдөх, түүнд онигоо ярьж өгөх дуртай. Тэгж л эхнэрээ инээд хөөрөөр дүүрэн байлгаж чаддаг. Би түүндээ маш их хайртай. Дахиад ч 80 жил хамт амьдрахад бэлэн байна” гэсэн юм.
Олон жил хамт амьдарсан энэ хос бие биедээ цаг зав гаргаж, аль болох холдохгүйг хичээдэг байсан аж. Тэд одоо ч гэсэн бие биедээ үнэнч, хүлээц, тэвчээртэй хэвээр байгаа нь гайхалтай. Үүнээс гадна тэд өөрсдийнхөө сул талуудтай эвлэрч, өчүүхэн зүйлд ч уурлаж бухимдахгүй байх нь бат бэх гэр бүлийн нууц гэж үздэг байна.
Карам, Катари нар цагаан хоолтон бөгөөд эрүүл мэнддээ онцгой анхаарсны хүчинд ийнхүү урт насалж байгаа аж.
Э.Мөнхзаяа