MICS 2016 буюу “Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн” өчигдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, хамтран зохион байгуулагчаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам ажиллаж байна.
Тус үзэсгэлэнг өмнө нь “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” нэртэйгээр зохион байгуулж байсан. Сүүлийн хоёр жил бараа бүтээгдэхүүнээ олон улсын тавцанд гаргах зорилгоор “Монголын бараа бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн” хэмээн нэрлэж, цар хүрээг нь өргөтгөн зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд БНАСАУ, БНКазахстан, Польш, Унгар, Чех, ОХУ тус тус оролцож, өөрийн орны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын зах зээлд танилцуулж цаашид урт хугацаанд хамтран ажиллах талаарх саналаа солилцох юм. Мөн дотоодын нийт 75 жижиг, дунд аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 9-13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.