Мэдлэг бол залуучуудад (бүсгүйчүүдэд ч бас) хэрэгтэй зүйл. Гэхдээ үр бүтээлтэй, идэвхтэй ажиллахын тулд эрчүүд ч хүүхнүүд ч зөв хооллох учиртай. Ой санамж болон эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ.
Өглөөний цай
Толгой тархиа бүр мөсөн сэрээхийн тулд хүйтэн шүршүүрт ороход хангалттай гэж бодож байна уу? Зарим хүмүүс унтаагаараа ажил руугаа явах төдийгүй өдөржингөө харь гарагийн хүн шиг сууж байдаг даа… Бие организмын хувьд сэрнэ гэдэг нь өглөөний ундаа ууна гэсэн үг. Өглөөний хоолонд тархины түлш болох глюкоз, өөх тос заавал байх ёстой. Тиймээс өглөөдөө биеийн галбиртаа огт санаа зоволгүйгээр чихэрлэг зүйл идэж болно. Гэхдээ уураг (өндөг, аарц) болон үр тарианы талх зэрэг нийлмэл нүүрсэн хүнсний бүтээгдэхүүнтэй цуг зооглохоо мартуузай.
Шоколадны амт
Үдээс өмнө чихэрлэг зүйл идэхэд амьдрал өнгөлөг харагдаж, толгойд ч ухаантай санаа орж ирдэг. Какаоны шош ургамлын гаралтай уургаар, харин какаоны тос нь судас цэвэрлэх шидэт үйлчилгээтэй флавоноидаар баялаг. Тиймээс өдөрт 50 гр шоколад идвэл зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаалах төдийгүй чиний нас нэг жилээр уртсах болно. Гэхдээ зөвхөн хар шоколад шүү!
Сэргээгч
Ажил дээрээ ирээд заавал нэг аяга кофе эсвэл өтгөн цай ууж бай. Учир нь энэ үед эдгээр ундаа яг сайхан сэргээж өгдөг. Битгий андуураад байгаарай даа. Өдөрт долоон аяга кофе биш цэвэр ус уух юм шүү.
Өдрийн хоолны дараа
… чи нойрмоглох болно. Хууль байдаг юм, Архимедийн. Тийм учраас зарим хүмүүс өдрийн хоолноос татгалзаад байдаг. Гэхдээ өдөр хоол идэхгүй байсан ч нойр хүрч, толгой ер ажилладаггүй. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ буурсантай холбоотой юм. Тиймээс өдөр жижиг сажиг печень амттанаар өөрийгөө хуурч цусан дахь сахарын хэмжээг огцом нэмж (энэ нь удалгүй буурдаг жамтай) байснаас ядаж тахианы махтай хөнгөхөн салат идсэн нь дээр.
Өдрийн цайнаараа ингэж чихэр печенээр “занималдаж” цусан дахь сахарын хэмжээгээрээ тоглодог хүмүүс чихрийн шижинтэй хүмүүсийн эгнээнд удахгүй орохоо бэлдэж байгаагаас ялгаагүй гэсэн үг.
Ажил тараагүй байхад чих шуугиж байна уу?
Ажил их байна уу? Оройны хоол хүлээсээр өлбөрч үхэхээс өмнө ядаж йогурт олж уу. Болж өгвөл цэвэр байгалийн гаралтай байвал сайн. Учир нь байгалийн гаралтай йогуртад тирозин гэх амино хүчил агуулагддаг. Америкийн цэргийн эмч нарын үзэж буйгаар хүний бие дэх тирозины хэмжээ стрессийн улмаас багасдаг. Гэтэл тирозин нь ой санамж болон биеийн ерөнхий байдлыг сайжруулах үйлчилгээтэй.
Сайн унтаж, өглөө сайхан амарсан зүс царайтай босмоор байвал оройн хоолоо заавал идээрэй. Гол нь хоолоо хэтэрхий оройтуулах хэрэггүй, тэгээд махан хоол илүү тохиромжтой юм шүү. Учир нь шөнийн цагаар бие организмд “сэргээн босголтын” үйл ажиллагаа ид явагддаг, тиймээс түүнд гол барилгын материал болох уураг нэн хэрэгтэй болдог юм.
Эх сурвалж:www.info.mn