Монгол ардын нам олон жил төр барьж байх үед нь Монгол улсын иргэд зовлонгүй амьдарч байсан юм гэж ирээд л өвөө эмээ нар дурсдагсан. Гэхдээ тэр үед нийгмийн өөр тогтолцоо, өөр өнгө аястай байсан цаг л даа. Ядуу хүн байдаггүй байлаа гээд л одоо хижээл насныхан Ю.Цэдэнбал гуайн хөшөөнд мөргөж байгаа нь “бахархмаар” ч юм шиг.
Энд аль нэг намыг зөв, буруу гэж дүгнэх гэсэнгүй. Иргэн таны таалал мэдэх хэрэг. Гэхдээ намууд төр барих хугацаандаа юу хийсэн тухай дүгнэхийг л оролдлоо. Монгол ардын хувьсгалт нам Ардчилалын жилүүдэд Ардчилсан намтай зэрэгцэн ээлж дараалан төр барьж байсан. Тухайн үедээ МАХН нэрийн дор хоёр салаагүй байсан хэрэг л дээ. Төр түшилцэх эрхийг Монголын ард түмэн аль алинд нь тэгш л өгч байсан. Нэг сонголтоос нөгөө сонголт хүртлэх дөрвөн жилийн хугацаанд өөрийн амьдрал, эх орны бүтээн байгуулалтыг анзааран дараагийн сонголтоо хийсэн гэж үзвэл хэн хэн нь адилхан түүхэн мөртэй байх юм.
Сүүлд МАН, МАХН болон хуваагдсанаас хойш бүүр ч гоц гойд зүйл алга байна. АН төр барьсан он жилүүд учраас сөрөг хүчний байр суурьтай байгаа байх.
Нэг үгээр бид аль ч намыг дэмжсэн дөрвөн жилийн дараах үр дүн, дүгнэлт нь яг адилхан байх юм.
Намууд төр барих гэж “улайрч” байхаар уралдаж хийх гэж, уралдаж иргэдэд таалагдах гэж улайрдаг байсан бол бид өнөөдөр тэр яриад хүсээд байгаа Токио шигээ аль эрт болчихсон байх хугацаа өнгөрөөд л байна.
Гэтэл бид энэ хугацаанд “хөлөө жийлцэхээс” өөр дорвитой зүйл хэн хэн нь хийгээгүй удлаа.
Одоо л зам засч хөгжил дуудаад, Барилга барьж “гэр бүл” болгоод, гадаад дотоодод боловсрол эзэмшдэг гарцтай болсон болохоос 10 гаранхан жилийн өмнө бид 5 ханатай гэрт таван айл багтаж, дэлхийн шилдэг сургуулиуд мөрөөдөл дотор амилж, замаар бус шороогоор тоотой хэдхэн зорчиж байсан. Гэхдээ арай ч арилжааны банкинд ард түмнээрээ имй их “дарлуулаагүй” байсан байх. Зарим зүйлс нээлттэй, боломжтой болохын хирээр ард нь гарах амьдралын он жилүүдийн золиос байдаг юм байна.
Энд одоогийн МАХН-ыг орхиё. Өөрсдөө дотроо жоохон асуудалтай байгаа учраас л тэр.
МАН, АН хоёрын төр барьсан сүүлийн жилүүдэд бид үзээгүйгээ үзэж /бүтээн байгуулалт, барууны соёл, гадаад дахь болосвролын боломж, бэлэн мөнгөний тараалт, хувиараа бизнес эрхлэх гэсэн хүсэл, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж/ гээд маш олон зүйлийг туулж яваа ч “өр” гэдэг айхтар зүйлд дарагдаад байна. МАН төр барих хугацаандаа 4,9 тэрбумын өрөнд орж байсан бол АН 5,1 тэрбумын өрөнд орж байна. Үүнд нээг их ялгаа харагдахгүй ч ДНБ-ий чадамж үзүүлэлт муудаж, мөнгөний ханш хүчээ алдаж орхисон байх юм.
МАН төр барихад өр багатай ч гэсэн эдийн засаг нэмэх дүнтэй, иргэдийн цалин тэтгэвэр бага ч болов нэмэгдсэн, газрын наймаанд тойлгой нь эргэсэн, бэлэн мөнгө тараасан он жилүүд байдаг бол АН төр барихдаа өртэй мөртлөө хийсэн зүйлтэй, хаашаа ч хамаагүй хувирамтгай, бичил бизнесийг дэмжих өнгө аястай, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, эдийн засаг муу үзүүлэлттэй, зохиомол эдийн засгийн хямралтай, шинэ бүхний эхлэл болсон бодлоготой, уул уурхайгаар оролдсон ийм л он жилүүд харагдах юм. Эдгээр нь зүгээр л цухас дурдахад шүү дээ.
Иргэд бид одоо энэ сонгуулиар аль нам нь гарах нь сонин биш хийх юмыг нь бараг өмнөөс нь таамаглан мэддэг болсон байна. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэг байхаа. Аль ч нам нь ялсан юу хийх, юу хийхгүйг бид андахгүй мэддэг болсон доо. Ардчилсан нам залуу хүүхэд шиг аашилж, Монгол ардын нам хөгшин хүн шиг хаширладаг тийм л зураглал төсөөлөгддөг болж дээ.
Б.Цацралт