Жүжигчин Ч.Ундралтай ярилцлаа.
-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл дүүрэн он жилүүдийг эргээд дурсвал?
-Би тавин мянгатын охин. Бүр жаахнаасаа, мэдээ орохоосоо авахуулаад л баруун дөрвөн замын хамгийн захын 25-р байранд амьдарч байсан. 24 дүгээр сургуулийг төгссөн. Багадаа цаанаасаа идэвхтэй, хичээлдээ сайн, дүү нараа хардаг гээд бид нарын үеийн нийтлэг дүр байдаг даа. Ээж аавууд нь ажилдаа анхаарч, айлын том хүүхдүүд гэрээ цэвэрлэж, дүү нараа харж, хоолоо хийдгийн л жишгээр өссөн. Хүн ер нь идэвхтэй, идэвх султай хоёр төрөл байдаг шүү дээ. Би жаахан идэвхтэй нь юм шиг байгаа юм. Урлагийн үзлэгт, спортын өдөрлөгт оролцдог, сагсны тэмцээн болсон ч гүйчихсэн л явж байдаг байлаа. Багаасаа л жүжигчин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл мөрөөдлийг өдөөсөн зүйл нь юу гэхээр намайг 10 жилд байхад кино үйлдвэрээс хүүхдүүд шалгахаар ирж байсан юм. Тэгээд санаанд ч үгүй байж байтал нэг хүн орж ирээд “За багш аа, одоо энэ хэсэгт хэнийг шалгах вэ” гэсэн багш “За манай Ундралыг шалга” гээд шалгуулсан. Тэр нь кино үйлдвэрийн зураач Цогзол гуайн найруулж, Сосорбарам гуайн гол дүрд нь тоглосон “Чи нэг нь” гэдэг кино. 90-ээд оны кино гэхээр бараг л хамгийн сүүлчийн хальсны кино болж таарна. Их азтайгаар тэр киноны жаахан хэсэгт гуравдугаар ангидаа тоглосон. Кино, жүжигчний мэргэжилд дуртай байсан дээр нь энэ тохиолдолд өрдчихсөн юм шиг байгаа юм. Дээрээс нь манай аав бас нөлөөөлсөн. Баруун аймгийнхан чинь хөөмийлдөг шүү дээ. Одоо манай аав урлагийн хүн биш ч гэсэн залуудаа их гоё хөөмийлж, Куба руу олон улсын фестиваль зэрэгт явж байсан гээд аав минь урлагийн нөлөө үзүүлсэн. Багаасаа хүссэнийхээ л дагуу жүжигчнээ хийгээд л явж байгаа тийм л түүхтэй дээ. Бид нарын үеийнхэн социализм, шилжилтийн үе аль аль нийгмийг үзсэн. Дэлгүүрүүд хоосон, картын бараанд оочерлоод адилхан л явж байлаа. Бид нарын үеийнхний амьдрал нэг тийм л байсан.
–Ерээд оны төгсгөлөөс Ундралыг бид дэлгэцнээс харж байсан. Диктор хийж байхдаа ч цаанаа нэг гэрэлтсэн, нүд нь гялалзсан, сэргэлэн адтай, юм юманд авхаалжтай харагддаг байсан. Насанд хүрэхэд үзэл бодол, хүсэл мөрөөдөл юун дээр төлөвшиж тогтсон бэ? Хүчтэй нөлөө үзүүлсэн хүн бий юу?
– Хэн нэг хүн нөлөөлсөн зүйл нэг их байгаагүй. Бага байхад “Би тэрэн шиг болно, энэн шиг болно” гэсэн бодол надад байдаггүй байсан. Хоёр, гуравдугаар ангиасаа эхлээд Хүүхдийн ордны драмын дугуйланд яваад, долдугаар ангид байхад манай найз ээжийн ажил дээр очоод шалгуулъя гээд санаандгүй очиж шалгуулаад тэнцэж Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх болсон. Нэвтрүүлэг хөтлөх гараагаа долдугаар ангиасаа эхлүүлсэн. Монгол телевиз хатуу болохоор томчууд шиг шөнө оройгүй, заримдаа хоолтой хоолгүй бичлэгэнд ордог байсан. Ерөнхийдөө урлагийн зам маань арван жилд суурь нь бэлтгэгдээд явсан болохоор багаасаа л бичлэг гэж юу юм бэ, нэвтрүүлэг гэж юу юм бэ, яаж хоолтой хоолгүй байдаг юм бэ бүгдийг нь би үзчихсэн байсан. Их сургуульд бол жүжигчнийхээ ангид орно гээд зорьж шалгуулж орсон. Одоо бодоод байхад өөрөө л нэг тийм идэвхтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу явж байгаа. Кино урлагт дуртай, тайзны урлагт ч дуртай. Яваандаа олон салбар руу орсон гэж намайг яриад байдаг юм (инээв). Тэр нь юунаас үүдэлтэй гэхээр G-Entertainment-д ажилладаг байхад Мөнхсайхан ах, Ганболд ах хоёр урлагийг бизнес болгох нөлөө үзүүлсэн. Дуурайх гэхээсээ илүү миний хажууд мундаг урлагийн бизнесмэнүүд байсан байхгүй юу. Ингэж гэрээ хийдэг, ингэж хүмүүстэй харьцдаг юм, ингэж зураг авалтуудаа хийнэ гээд л G-Entertainment – д ажиллах гурван жилийн хугацаанд надад олон зүйлийг зааж өгсөн. Зөвхөн жүжигчин гэхээсээ илүүтэй урлагийн бизнес хийгээд явж байгаа минь түүнтэй холбоотой. Тэгэхэээр надад хүн нөлөөлж байгаагүй бас биш л юм байна. Надад хүчтэй нөлөөлсөн тийм хоёр хүчтэй хүн байна.
-Урлаг өөрийг чинь сонгосон уу, эсхүл чи өөрөө урлагийг сонгосон уу? Урлаг бол босго өндөртэй, хүнийг байнга сорьж байдаг хүнд салбар. Зарим хүн дундаас нь гардаг.
-Мэдэхгүй. Магадгүй энэнээс өөр юм хийж чадахгүй л байх л даа.
-Урлагийн ертөнцөд хийсэн анхны алхам хатуу байсан уу? Зөөлөн дардан байв уу?
-Надад нэг тийм айхавтар хатуу байгаагүй ээ. Багаасаа л дуртай байсан болохоор. Дуртай зүйлээ хийхэд хүн хэзээд таатай байдаг шүү дээ. Ээж аавын зүгээс боль, битгий гэсэн хавчлага байгаагүй. Миний дуртай, сонирхолтой зүйлийг хэн ч хорьж цагдаж байгаагүй болохоор би өөрийнхөөрөө аз жаргалтай байсан.
-Таны хамгийн анхны дүр тайзны дүр байсан уу, дэлгэцийн дүр байсан уу?
-Жүжигчид дүр гэж хэлэхээс эмээдэг. Хамгийн анхны тоглосон үзэгдэл маань бол хоёр, гуравдугаар ангид байсан гэхээр арав, арван нэгтэй л байхад байсан юм болов уу даа. Тэр кинонд тоглосон маань миний хамгийн анхны урлагийн үзэгдэл, кино бүтээл байж таарсан. Жүжигчнээр суралцаад тэр зүйлийг гаргахыг хичээсэн бүтээл минь хамгийн анхных нь Тавилан гэдэг кино байсан юм байна. Кино салбар уналттай, залуучуудад үзэх харах юм ховор байх үед “Тавилан” гээд залуучуудад зориулсан, залуучуудын хайр дурлалын сэдэвтэй тийм кинонд анх оюутан байхдаа тоглож байж.
-Монголын ард түмэн өөрийг чинь Ийгл телевизийн хөтлөгч байхаар чинь, мөн анхны олон ангит киноны дүрүүдээр, Өөдөөтэй хамтлаг байгуулж дуулж байх үеэс чинь ер нь л оюутан ахуй цагаас чинь сайн мэднэ. Яагаад ч юм бэ, их багаасаа од болсон юм шиг санагддаг.
–Од ч гэх нь хаашаа юм бэ дээ. Бид нар мэргэжлийн сургуульд найруулагчаараа загнуулаад, багш нараараа донгодуулаад, болсон ч болохгүй, болохгүй байсан ч болохгүй гээд загнуулаад сурчихсан, “шүүслүүлж” байсан үе байхгүй юу. Би Найдандорж, Ганхуяг гэсэн хоёр багштай. Манай багш Найдандорж бид нарыг зөвхөн хичэээлээ л хийгээд байж болохгүй, нэг хэвийн нэг өнцөгтэй байж болохгүй гэж шаарддаг байсан. Аль аль салбарт зуурсан гурил мэт бай гэдэг ч юмуу. Оюутан цагийн маань бүтээлч байх сэтгэл Өөдөө бид хоёрыг тэгж нийлүүлсэн байх даа. Өөдөө бид хоёр нэг анги байсан. Ийгл телевизэд орсон тухайд, Баярхүү ах манайхаас дээшээгээ хоёр ангиар ах байсан. Хүүхдүүд шалгуулж байгаа гэхэд нь бөөнөөрөө очиж шалгуулж байгаад л орчихсон. Өөдөө бид хоёрын дуулсан тухайд, бид хоёр оюутан, залуухан, жүжигчний гараагаа эхлэх гэж байсан учраас амьхандаа л өөрсдөдөө хийж байсан тэсрэлт нь тэр байхгүй юу. Бид хоёр оюутан үедээ хийж байсан гэхэд бол тухайн үедээ хүмүүст нэлээд сайн хүрсэн гэж боддог.
-Өнөөдрийн Ундрал тэр үеийн Ундрал хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
–Би нэг юмыг их хичээдэг. Мэдээж бидэнд амьдралын туршлага олдоно. Тухайн үед хүүхдийн гэнэн цайлган зан байна. Миний гол баримталдаг зүйл бол багын унаган зан гэж байдаг шүү дээ, тэрийгээ алдахгүй байхыг хичээдэг. Заримдаа тэр үеэс хойш би жаахан өөрчлөгдчихсөн юм болов уу гэсэн бодол төрөхөд багынхаа занг л алдахгүй байхыг боддог. Алдаагүй байх гэж найдаж байгаа. Мэдээж өөрчлөгдсөн юм бол байгаа. Ээж боллоо, зөвхөн өөрийгөө авч явдаг байсан бол 10-аад хүний амьдралыг тодорхой хэмжээгээр аваад явж байна. Мэдээж хариуцлага гэж байгаа. Урлагийн амьдрал хүнийг угаас их тэвчээртэй, хөдөлмөрч болгодог юм болов уу. Дураараа эрхлээд л байж болохгүй шүү дээ. Өмнөхөөсөө арай илүү хөдөлмөрч болсон байх гэж бодож байна.
-Унаган зан гэдгээ товчхон тодорхойлж чадах уу? Яг одоо алдаагүй байгаа унаган зан чинь юу вэ?
-Миний алдаагүй, ээж ааваас минь хүмүүжүүлсэн зан гэвэл “За гэвэл ёогүй” гэдэг шиг чадах юмаа чадна, чадахгүй юмаа чадахгүй гээд шууд л хэлчихдэг, яг л байгаагаараа л байж чаддаг, үнэнч байж чаддаг гэх юмуу тэр зан.
-Яг урлагийн зам руу орж байх үедээ хүсч мөрөөдөж байсан хамгийн гэгээлэг хүслээ дурсаач? Тэрэндээ ер нь хүрч чадсан уу?
-Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ялангуяа ажил, карьерыг хүсэл мөрөөдлөө болгосон хүмүүсийн хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэгэхдээ мэдээж тодорхой хэмжээнд миний төлөвлөж байсан ажлууд бүтсэн. Гэхдээ яахав дээ хүн чинь өөрийгөө үргэлж голдог болохоор эцсийн цэг дээрээ хэн ч очихгүй байх л даа.
-Амжилт, карьер, аз жаргалтай гэр бүл. Аль нь таны мөрөөдөлд дийлэнх хувийг эзэлж байв?
-Аль алиныг нь хослуулна гэж бодож байсан. Тэр үед миний мөрөөдөж байсан юм болохоор маш гоё уран бүтээлч бас олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Тэгэхээр зарим нь бүтээгүй л байна даа.
-Анхны хайр бол гоё сэдэв. Хэзээ ч мартагдшгүй гэгээн сайхан дурсамжаар дүүрэн. Анхны үнсэлт, анх гараасаа хөтлүүлж байсан азтай хүү хэн бэ?
-Би их эмзэг байна. /уйлав/ Хэнд ч ярьж байгаагүй сэдэв болохоор. Амьдралаа холбосон анхны хайр бол мэдээж миний хүүгийн аав. Би арван жилдээ хүүхэдтэй үерхэж үзээгүй. Оюутан байхдаа анх үерхэж үзсэн. Анхны болзоо анхны үнсэлт бүгд их сургуульд ороод үзсэн дээ.
-Та багаасаа ажиллаж хөдөлмөрлөж ирсэн айхавтар охин байсан. Шалгуур өндөр байсан уу?
-Нээх гэнэн томоогүй байгаагүй ээ. Хайрлаж дурлаад үерхсэн. Амархан ганц хоёр сар болоод салчихаагүй тууштай гоё үерхэж байсан. Ер нь би хайр дурлалын асуудалд их чанга ш тээ. /инээв/
-Баатар гэсэн нэр танд олон зүйлийг мэдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна. Баатар гэж хэн бэ?
-Бид хоёр чинь салаад уулзаагүй хүмүүс биш шүү дээ. Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Баатараа 7 хоног болгон хүүгээ авна. Сайн аав. Мэдээж миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Манай Баатар чинь бол яг одоогоор айхтар хар болж харагдаад байна. Миний бодлоор бол тийм хүн биш. /уйлав/ Их зөөлөн тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахд нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн. Их уярамтгай. Баатартай ам мурийдаггүй байсан. Тэр үед нь дуугүй өнгөрөөчихвөл хэсэг байж байгаад миний буруу байсан ч надаас уучлалт гуйна. Тийм зөөлөн хүн.
Бид нар “Би чамд хайртай 2” киногоо гаргаад сар гаруйхан болж байхдаа алдчихсан. 200 гаруй хүний хамтарч хийсэн бүтээл шүү дээ. Бид нарт бол уйлахад ч багадах үйл явдал болсон. Оюуны өмчийн газраас бүтээлээ өг гээд л байхаар нь тамгалаад явуулсан. Гэтэл мэргэжилтэн эмэгтэй нь хүүхэддээ үзүүлээд хүүхэд нь найздаа өгөөд л тараачихсан байсан. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл.
-Анх дуучин Оюунбилэгийн клипний зураг авалт дээр таныг хараад шууд л надад тохирох бүсгүй байна гэж бахархан бодсон гэсэн. Та тэр үеийг эргэн дурсахад сайхан байх болов уу?
-Бид хоёр уран бүтээлээр учирсан хосууд. Надыг тоглуулах их дургүй байсан гэсэн. Мэдээний Ундралаар харагдаад энэ их хурц гээд л. Харин Мөнхсайхан ах болно гээд байсан гэсэн. Тэгээд ирж үзээд болох юм байна гэсэн гэнэ. Бид хоёр ингэж гоё учирсан. Надад Баатарын юу нь их таалагдсан бэ гэхээр нээх тийм хүүхэд шиг гэнэн цайлган хүн. Энэ зан нь таалагдаж байсан. Тухайн үед өөрийгөө маш сайн илэрхийлж байсан. Шууд л чи надад таалагдаж байна гээд. Тэрэнд нь би татагдсан.
-Би та хоёрыг эхлээд найзалж хамтран ажиллаж байгаад дараа нь… гэж бодсон?
-Үгүй, үгүй. Шууд л үерхээд эхэлсэн. 2001 он байхаа.
-Анх учрахдаа хэн хэн нь тодорхой хэмжээгээр танигдчихсан байсан. Энэ байдал та хоёрын харилцаанд саад болж байв уу?