Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх шаталсан уралдааны гуравдугаар шатны шалгаруулалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 12.00 цагт болох гэж байна.
Уг уралдаан нь тогооч нарын батлагдсан жишиг цэсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх, Монгол үндэстний хоол, идээ ундааг таниулан сурталчлахзорилготой. Уралдаанд хоолны жишиг цэс болон хүнсний аюулгүй байдлын талаар төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас зохион байгуулсан сургалтад 70-аас доошгүй хувиар хамрагдсан тогооч нар оролцож байна.
Уралдааныг дараах 4 үе шаттайгаар явуулж байна.
Эхний шат: Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх тэмцээн
Хоёрдугаар шат: Улс, үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх тэмцээн
Гуравдугаар шат: Монгол үндэстний хоол, идээ, ундааны амталгаа
Төгсгөлийн шат: Монгол үндэстний хүндэтгэлийн зоог, идээ, ундааны амталгаа 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болно.
Уралдаан зохион байгуулагдах газрыг АСЕМ-ийн соёл урлаг, хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс тухай бүр мэдээлнэ.
Ерөнхий зохион байгуулагчаар АСЕМ-ийн соёл урлаг, хоол, хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байгаа.
Хамтран зохион байгуулагчаар Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Монголын Тогооч нарын холбоо, Монголын Мастер тогоочдын холбоо, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төв, Хоол урлахуйн нийгэмлэг, Монголын хоол үйлдвэрлэгчдийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн зөвлөх төв орсон.
Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн баг шүүх бөгөөд шат тус бүрийг 25 баллын зарчмаар дүгнэх ба нийт авбал зохих онооны нийлбэр 100 байна.
АСЕМ-ийн соёл урлаг, хоол, хүнс түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 4 шатны шалгууралтын дүнг нэгтгэн шагналыг олгох юм. Үүнд:
1-р байр 1 багт -Өргөмжлөл, 6 сая төгрөг
2-р байр 1 багт – Өргөмжлөл, 4.5 сая төгрөг
3-р байр 2 багт – Өргөмжлөл, тус бүр 1.5 сая төгрөг
Тусгай байр 2 баг тус бүр 750.000
Тусгай шагнал: Уралдаанд амжилттай оролцож, хувийн дүнгээр тэргүүлсэн 5 хүртэлх тогоочийг ХХААХҮ-ийн Сайдын 2009 оны 204 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Мастер тогооч цол хүртээх”журмын 3.9-д заасны дагуу “Мастер тогооч” цол олгоно.