Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Элчин сайдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр урлаг соёл, оюун санааны эртний түүхэн хэлхээ холбоо, ардчиллын нэгдмэл үнэт зүйл, бүс нутаг болоод дэлхий нийтийн энхтайвныг эрхэмлэх эрмэлзэл дээр тулгуурласан хоёр орны харилцаа амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа Ерөнхийлөгч илэрхийллээ.
Тэрбээр хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлал нэмэгдэж, цэрэг, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг сайшаав. Талууд хоорондын Батлан хамгаалах яамдын харилцаа өргөжин мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт, хамтарсан энхийг сахиулах сургалт, дадлага, цахим гэмт хэргийн талаарх сургалт зэргийг олонтаа зохион байгуулах болсныг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Засгийн газрын хооронд гэрээ байгуулж, Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах болсон нь Монгол, Энэтхэгийн хоорондын ирээдүйн өргөн харилцааны баталгаа болж буйг онцлов. Энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн Энэтхэгийн төр засгийн эрмэлзэл, хоёр орны найрсаг харилцааны нотолгоо болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Суреш Бабу хариу хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа үнэхээр өндөр түвшинд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, энэ харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгч Элчин сайдад хандан Энэтхэг Улсын нэр нөлөө, байр суурь бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байгаад баяр хүргээд, хоёр улс олон улсын түвшинд нэгнээ дэмжин хамтран ажилладаг уламжлалыг магтан сайшааж, үүнийгээ цаашид улам бүр бэхжүүлэх нь зүйтэйг дурдав. Тэрбээр Улаанбаатар хотноо удахгүй болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Энэтхэг Улс өндөр дээд хэмжээнд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Элчин сайдын ажилд өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Уулзалтын дүрсийг доорх хаягаар үзнэ үү
President.mn