Засгийн газрын 2016.06.13-ны өдрийн хуралдаанаар Монголын Зэвсэгт хүчинд тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлэлээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагчдад олгох тэтгэмжийн зардал хасагдсанаас болж олон офицер, ахлагч тэтгэвэртээ гарч чадахгүй байгааг Засгийн газар, УИХ-ын чуулганы хуралдаанаар илэрхийлсээр байсан юм. Тэтгэвэрт гарах болсон офицер, ахлагч нар тэтгэвэртээ гарч чадахгүй байснаас үүдэн залуу мэргэжсэн боловсон хүчин тэр хэмжээгээр ажилгүй хүлээлттэй байв. Тэгвэл Засгийн газрын 2016.06.13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2013-2016 онд цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох зардалд шаардагдах таван тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан юм.