АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийв. Тодруулбал, 1990 оноос хойшхи сонгуулийн тогтолцоонд хууль бусаар иргэдийн сонгох эрхэнд нөлөөлж ирсэн “царцааны нүүдэл” гэх бусармаг буюу өөрт санал өгүүлэх зорилгоор иргэдийг нэг хаягаас нөгөө хаяг руу шилжүүлэх тохиолдол өнөө жил их гарсныг тэрбээр онцоллоо. Тэр тусмаа Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгууд руу “царцааны нүүдэл” чиглэж, нэг тойрогт хамгийн багадаа 40, цаашлаад 2400 орчим иргэд шилжсэн асуудал гарчээ.
Л.Эрхэмбаяр генсекийн өгсөн мэдээллээс гадна хэчнээн иргэд тухайн аймаг руу шилжсэн тухай албан ёсны мэдээллийг Хөвсгөл болон Баянхонгор аймгийн Бүртгэлийн хэлтсийн дарга нарын албан ёсны тамга тэмдэгтэй албан бичиг нотолж байгаа учраас хууль бус үйлдэл хийсэн нэр дэвшигчид худлаа гэж гөрдөх аргагүй болж байгаа юм. Хөвсгөл аймагт энэ үйлдэл бүр хэрээс хэтэрч нэг хүний итгэмжлэлээр хамгийн багадаа 30-90 хүн тус аймагт шилжилт хөдөлгөөн хаахаас өмнө бүртгүүлсэн тохиолдол гарчээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир: “Хөвсгөл аймагт өнөө жил нийслэлээс болон бусад аймаг орон нутгаас шилжин ирэгсэд маш олон байна. Нэг хүний итгэмжлэлээр 40-өөс дээш бүр 75 хүн бүртгүүлсэн. Энэ нь бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Бид хуулийн хүрээнд иргэн бүрийн үнэмлэхийг шалгаж шилжин ирснээр бүртгэх ёстой ч нэг хүн 90 хүний материал бариад ирэхээр хүндрэл их гарч байна” хэмээн ярьжээ.
СЕХ-ноос Бүртгэл статистикийн газрын дарга С.Мэндсайханд бөөнөөр нь иргэдийг шилжүүлэхийг хориглосон хуулийн заалт байхгүй учраас энэ талаар анхаарч, иргэдийг бөөнөөр нь шилжүүлэхгүй байхыг сануулсан ч харамсалтай нь СЕХ-ны албан тушаалтны үгийг хэн ч тоогоогүй нь эндээс харагдаж буй юм. Магадгүй уншигч таньд энэ сүртэй асуудал биш мэт харагдаж болох. Сонгуулийн үеэр ажилтай, мөн тухайн нэр дэвшигчийн сурталчилгаанд ажиллаж байгаа иргэд биз хэмээн тайвширч болмоор байвч хамгийн багаар тооцоход нэг сумын иргэдийн талтай тэнцэх хүн зөвхөн нэг тойрогт шилжилт хийлгэнэ гэдэг байх ёстой хэм хэмжээ яавч биш. Хэтрүүлж дүгнэвэл, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг ч гэж хэлж болно.
Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гэгч нэр дэвшч буй. Тэгвэл эдгээр 720 хүн Л.Мөнхбаатарын нэрээр шилжиж ирсэн гэх мэдээлэл гарч эхэлжээ. 720 хүний шилжүүлгийг ямар ч асуудалгүй цэвэрхэн хийнэ гэдэг өмнө эрхэлж байсан Бүртгэлийн газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэл сонирхолд ашигласан үйлдэл гэж харагдаж буйг нуугаад яахав. Л.Мөнхбаатарын хувьд төрийн албанд ажиллаж байхдаа ч сайн нэр дуулж байсан удаагүй. 2012 оны сонгуулийн үеэр нэр дэвшигчийг маань дэмжихгүй өөр хүний сурталчилгаа гаргалаа хэмээн телевизийн ажилчдыг түүний туслах гэх залуу зэрлэгээр зодож байсныг өнөө хэр хөвсгөлчүүд мартаагүй. Тэгвэл энэ удаад эрхэм нэр дэвшигч хууль бусаар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд тухлах гэж хөвсгөлийн ард түмний саналд хууль бусаар нөлөөлөх оролдлого хийсэн бололтой.
Нөгөө талаар хамгийн их хүн буюу нэг сумын хүн амтай тэнцэх 2400 иргэн шилжиж очсон 39 дүгээр тойрогт “MCS” компаниар овоглож яваа Л.Энх-Амгалан нэр дэвшигч байгаа бөгөөд шилжиж очсон иргэдийн дийлэнх нь тус компанийн ажилчид гэх мэдээлэл ч гарч байгаа билээ. Эндээс харахад, эдгээр хоёр хүн хөвсгөлийн ард түмний саналд хууль бусаар нөлөөлөх оролдлого хийжээ. Албан ёсны тоонд баримтад АН-аас нэр дэвшиж буй хүмүүс хамгийн цөөхөн буюу 20-30 иргэдийг зөвхөн штабдаа ажиллуулахаар шилжүүлэг хийлгэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Хөвсгөл аймгийн сумд хамгийн ихдээ 3000 гаруй хүн амтай. Тэгвэл хотоос нүүдэллэсэн царцаанууд нэг сумын иргэдтэй тэнцэхүйц байгаа нь Хөвсгөл аймгийн иргэд төрд төлөөллөө өөрсдийн хүслээр сонгож чадахгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдгээр 3000 гаруй иргэд та бүхний өмнөөс УИХ-д суух төлөөллийг сонгож, улмаар НИТХ-ын дүнд нөлөөлж хөвсгөлчүүд өөрсдөө биш хотоос очсон “амрагчид” аймгийн ИТХ-ын даргыг сонгож, тэр нь цаашаа Засаг даргыг сонгох хүртлээ дампуурсан үйлдэл болох нь. Монгол Улсын иргэн бүрт сонгох, сонгогдох эрх байх ёстой.
Гэвч энэ эрх Хөвсгөл, Увс, Баянхонгорын иргэдийн хувьд юу ч биш болж, нийслэлээс очсон нэг залуу таны өмнөөс шийдвэр гаргаж УИХ-д суух төлөөллийг сонгоно гээд бод доо. Тиймээс энэ үйлдлийг таслан зогсоохын тулд нутгийн иргэд дуу нэгтэйгээр тэмцэж, шударгаар өрсөлдөж чадаагүй нэр дэвшигчдэд шударга ёсны хариуг барих нь зохистой баймаар. Мөн үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж буруутай этгээдийг олж илрүүлэн нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлсэн ч гэмгүй билээ.