МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй
МАН-ын Бага хурлын гишүүн, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын Бага хурлаар шинэчлэл хийгдэх байх хэмээн олон нийт нэлээд анхааралтай ажиглаж байлаа. Гэсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Бүх асуудлыг Их хурлаар шийднэ гэсэн бүрхэг хариулт өгсөн. Бага хурлын гишүүний хувьд нам яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ гэдгийг тайлбарлаач?
-Нийгэмд МАН-ын дарга, удирдлагууд шинэчлэгдэх нь гэсэн хүлээлт үүссэн нь үнэн. Гэхдээ дотор нь байгаа хүний хувьд хэлэхэд Их хурлаа зарлан хуралдуулах, шинэчлэлийн асуудлыг нам дотроо ихэнх нь хүлээн зөвшөөрч байгаа нь өөрөө их амжилт.
Сая болсон Бага хурлын үеэр “Шинэчлэл” гэдэг үг дарга, цэрэг бүх л хүний амнаас гарч байна. Санал, шүүмжлэлийг нэлээд халуухан өрнүүллээ. Тэгэхээр шинэчлэлийг ялагдалдаа дүгнэлт хийж, дараа, дараагийн улстөрийн тэмцэлд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгээр харж болно. Мөн нэгэнт сөрөг хүчний байр сууринд ирчихээд эрх баригч намын бүтцээр ажиллах нь зохисгүй. Тиймээс дүрэм болон бусад асуудлаа өөрчлөхөөс аргагүй. Энэ хоёр асуудлын нийлэмж нь МАН-ын дараагийн бүтэц, зохион байгуулалт, хэн удирдах, баг бүрэлдэхүүнийг тодорхойлогч гол хүч болох болов уу гэж бодож байна.
-МАН-ын залуус шинэчлэлийг яагаад гэнэт эрчимжүүлэв?
-Шинэчлэлийг ярьж эхэлсэн шалтгаан нь манай намын өнөөгийн удирдлагын удаан, уужуу, тайван байдал юм. Сөрөг хүчний үүрэг, хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ. Засгийн газар нь алдаж байвал хэлж, зааж, олон түмний дэмжлэгийг авч голдрилд нь оруулахад дэмжиж, туслах хэрэгтэй, тэмцэх ёстой. Энэ ажлаа хангалтгүй хийж байгаа болохоор сөрөг хүчин байх учиртай МАН ялагдсандаа гоншигоноод, шархаа долоогоод хэвтээд байх боломжгүй. Үүнийг МАН-ын бүлэг, намын удирдлагуудтай холбож ойлгож болно.
Нөгөөтэйгүүр засгийн эрхийг аваад ажиллаж байгаа нөхөд дэндүү болчимгүй үйлдлүүд гаргаж байна. Нийгэм, эдийн засгийн байдал үнэхээр доройтож эхэллээ. Оюутолгой дээр гаргаж буй алдааг хүн бүр мэдэж байгаа. Гэвч хэлээд шүүмжиллээ гэхэд ганц хүний хувьд яаж дийлэх вэ.
Таван толгойн хувьд өнгөрсөн жил Чалькотой хийсэн гэрээ, урьдчилгаа мөнгөний асуудал дээр л гацаад байгаа. Үндсэндээ манай бизнесийн түншүүдэд таатай мэдрэмж төрүүлэхгүй байна.
-Дараагийн гарч ирэх баг АН-ынханд, олон нийтэд “олзлогдохооргүй”, шалгасан ч юу ч гарахгүй, цэвэр хүмүүс байх юм гэж ойлгож болох уу?
-Манай удирдлагууд албан дотроо Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирлах зөвлөл мөн өөрөө бага хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байж дараагын их хурал нь хуралдсаны үндсэн дээр энэ намыг аваад явах дараагийн баг бүрэлдэхүүн тодрох болно.
Шинэ баг гэдэг утгаараа дараагийн бүрэлдэхүүнийг гаргаж ирнэ. Гэхдээ дандаа шинэ хүн гэхгүй шүү дээ. Сайн ажиллаж байсан гишүүддээ итгэл хүлээлгэн дахин сонгож болно.
-Харин та дараагийн Бага хуралд орох уу?
-Би тийм зорилго тавьсан. Орно гэж бодож байгаа. Сонгуульд нэр дэвшээд ялагдсан. Мэдээж надад өөрт хувийн шалтгаан байсан байх, намын хүчин зүйл ч нөлөөлсөн биз.
Томсгосон мажоритар системээр явагдахад нэг намын хоёр хүнийг хооронд нь өрсөлдүүлэхээр эсрэг намын гишүүнээ урдаа гаргахгүй юмсан гэхийн зэрэгцээ хэн нь хаанаас хутгалчих бол гэж болгоомжилсоор ялагдал хүлээх тохиолдол байдаг. Энэ мэтчилэн асуудлуудад бид дүгнэлт хийж, хариуцлагаа ухамсарлах ёстой.
-Хариуцлага хувь хүнээс эхэлдэг гэгчээр үү?
-Миний хувьд хариуцлагаа ухамсарлаад, дүрмийнхээ заалтын дагуу 12 сарын хугацаанд намаас улстөрийн ямар нэгэн албан тушаал аваагүй. Дуугүйхэн байлаа. Улс, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс одоо бол дуугүй суух нөхцөл боломж алга. Тэр ч утгаараа намын бүтцийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан. Дарга нарын өрөөндөө ярьж хайрцагласан бодлогоор яваад амжилтад хүрэхгүй нь гэдгийг ярилцаж, хэлэлцсэн.
-МАН-ынхан сөрөг хүчин болж хүчтэй дуугарахад хэцүү боллоо гэсэн ойлголт нийгэмд үүсчихлээ. Өөрөөр хэлбэл эрх баригчидтай тэмцэх нь АТГ-т дуудагдах шалтгаан болж байгаа биз дээ?
-Ялагдал авлигатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Үүнийг АН-ынхан ч маш сайн ойлгуулж байх шиг байна. Газартай холбоотой л бол МАН-ынхан гэдэг маягаар. Тэгвэл хүүхдийн парк, Бамбарууш кафе, номын сан, пончикны газар гэх мэтчилэн хүүхдийн гэж нэрийддэг байсан газруудыг хэн эзэмшсэн, тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан бэ гэдгийг хөөгөөд, ухвал их зүйл гарч ирнэ. Гэтэл үүнийг хэлчих улстөрч манай намд алга.
-Хэлэх юм бол өөрийнх нь асуудлыг сөхнө гэж айдаг?
-Үнэн. Тэр ч утгаараа муухайгаар хэлвэл “бөлдөгнөөсөө бариулчихсан” дарга нараасаа салъя гэсэн байр суурьтай байгаа юм. Хэрвээ шалгахаар ямар нэг асуудалд орооцолдох гээд байгаа бол дуугардаг, хэлдэг, элдэв асуудалгүй залуусаа гаргаж ирэх нь зүйтэй.
-МАН-д тийм цэвэрхэн улстөрч бий юу. Одоо дуугарч байгаа залуусыг эхнээс нь харахад л хэн нэгний татаас, эсвэл залгамжаар намын гишүүн бологсод байна лээ?
-Хангалттай боловсон хүчинтэй гэж ярьдаг. Тэгвэл байгааг нь мэдэрсэн юм бол тэднийгээ одоо гаргаж ирээд, итгэл үзүүлэн ажиллуулах хэрэгтэй гэмээр байна. Ингээд үлбийгээд яваад байвал ганц намыг тахин шүтэж, бүх зүйлээ Чингисээр нэрийдэн, өөрсдөдөө хөшөө барих хэмжээнд хүрэх гээд байна. Үүнийг таслан зогсоохын тулд ард иргэдэд ойлгуулж, ухуулах чадалтай, зоригтой хүмүүсээ МАН сонгох хэрэгтэй. Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд гишүүдээ судласан. Боломжтой сайн, сайхан ахмадууд, залуус, дүү нар лидерүүд бий.
-Залуучуудыгаа хэт туршлагагүй, АН-ынхантай эн зэрэгцэж чадахгүй гээд үнэлдэггүй юм биш үү, намын акулууд чинь?
-Яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр хэдэн настай байхдаа цөөнхийн бүлгийн дарга болж, дараагийн сонгуульд нь ялалт байгуулж байлаа гэдгийг бодох хэрэгтэй. Эргээд сана. Одоогийнхоос хүнд байдлаас гарсан юм шүү. Тэр үед Н.Энхбаярт ах нар нь, намын ахмадууд нь итгэл үзүүлсэн.
Гэтэл өнөөдөр Н.Энхбаяр шиг залуус байгаа хэр нь Даш-Ёндон гуай шиг уужуу бодолтой хүн удирдлага дунд алга гэдэг дүгнэлтэд хүрэх нь. Нам ялагдахад бид дараагийн үедээ байр сууриа өгөх ёстой юм гэдгээ улстөрийн ёс зүйтэйгээр буухиагаа өгөх дарга, ах нар байгаа эсэхийг бид одоо харах гэж байна. Тэд маань “бид арай болоогүй, дахиад 2016 оны сонгуулиар жагсаалтад орчихмоор байна” гэдэг арчаагүй зан гаргахгүй байх гэдэгт итгэж байгаа.
-Өнөөгийн эдийн засгийн байдал нэлээд хүндэрчихлээ. Сангийн дэд сайд байсны хувьд яавал арай тогтвортой болговол дээр вэ. Сөрөг хүчний зүгээс энэ асуудлыг хэрхэн зөвлөж, зааварчлах бол?
-Өнөөгийн эдийн засгийн байдлыг яг ийм шалтгаанаас боллоо гэж хэлэхэд хэцүү. Ам.доллар 1550 төгрөгт хүрчихлээ. Үүнийг дагаад гадаадаас авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин, тосны үнэ өсөх нь дамжиггүй. Энэ өсөлт олон шалтгаантай. Гэхдээ зөвхөн Алтанхуягийн Засгийн газрын буруу гэж ярьвал утгагүй. Бурууг МАН ч гэсэн өөртөө хуваалцах ёстой.
Эрх баригчид улстөр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг гол асуудлууддаа анхаарлаа төвлөрүүлээд, ажлаа хийх хэрэгтэй. Түүний оронд жаахан мөнгө олохоор нь гурав хоног наадахын тулд Хүй долоон худагт 50 тэрбумын хөрөнгө хаяад байвал утгагүй шүү дээ. Асуудалд торгон мэдрэмжтэй хандаж, эрэмблэх нь чухал. Үндсэндээ улсаа авч явах чадваргүй гэдгээ дахин дахин батлахаа болих хэрэгтэй.
-Ядахад хяналт тавих ёстой сөрөг хүчин нь таг чимээгүй байхаар асуудалд бүр ч дураараа хандаж байгаа байх?
-Бизнестэй холбоотойгоор АН-ынхан их муухай авирлаж байна. Тухайлбал, аливаа тендер, бизнесийг АН-ын гишүүн л авах ёстой мэт байж боломгүй үзэгдлүүд ажиглагдсан. Саяхан л мөр зэрэгцэн өрсөлдөж байсан компаниудаа дарж авахын тулд улстөр хийж байна шүү дээ.
Өнөөгийн нийгэмд хүн үзэл бодлоо өөрөө сонгож, намын гишүүн болох эрхтэй. Гэтэл тухайн бизнесийг удирдаж яваа хүний үзэл бодлыг хаах,боомилох байдлаар бизнесийн орчин руу гар, хөлөө дүрж байна. Уг нь олон намын тогтолцоотой ардчилсан нийгмийг цогцлоож байгаа биз дээ. Тэгсэн манай АН-ын нөхөд хүйтэн дайны юм шиг, большевикуудын зан гаргаж, авирлаж байгаа нь тун харамсалтай юм.
Ж.Нарангэрэл