Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Р.Н.Миннихановыг өнөөдөр (2016.6.21) хүлээн авч уулзан Монгол Улс, Татарстаны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд Татарстантай эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар сонирхож байгааг Ерөнхий сайд онцлоод газрын тос боловсруулах арвин туршлагатай Татарстаны хөрөнгө оруулагч, бизнесменүүдийг Монголд байгуулахаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллахыг санал болголоо. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр Монгол, Оросын эдийн засгийн харилцааны бэлгэ тэмдэг болон мөнхөрсөн шиг Монгол, Татарстаны хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр хоёр талын харилцааны амжилттай хэрэгжих анхны төсөл болж болох юм гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр манай ажил хэргийн хүрээнийхэн Татарстанд амжилттай хэрэгжсэн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцаж, мах, махан бүтээгдэхүүн Татарстанд нийлүүлэх сонирхолтойг дурдав.
Татарстаны Ерөнхийлөгч газрын тос боловсруулах салбарт хамтрах Ерөнхий сайдын саналыг дэмжээд Монголд нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг Татарстанд зохион байгуулах, манай бизнесийн төлөөлөгчдийг нутагтаа хүлээн авах, Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.
Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов оролцлоо
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба