Б.Болдбаатар: Зайсанд тансаг хаусанд амьдарч байгаа хүн гэр хороолынхны амьдралыг мэдэж шийдэх үү

Эмзэг бүлгийн ядуу хүүхдүүдэд өөрийн нэрээр нэрийдсэн цэцэрлэг барьж өгсөн хүн гэвэл та “Болдкогийн цэцэрлэг” гээд шууд мэдэх байх. Залуу хүн гэхэд зоригтой, зорилготой. Хүүхдийн төлөө түүний хийж байгаа ажил нь Монголын мянга мянган залууст үлгэр дууриалал болж байгаа юм. Болдкогийн ажлыг дэмждэг хүмүүс их бий. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

13522409_1181450678572251_1664043221_n

– Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Та бол олонд танигдсан, үнэлэгдсэн сэтгүүлч хүн. Яаж яваад энэ мэргэжлийг сонгох болов энэ асуултаас яриагаа эхлэе?

Өнгөрсөн 20 гаруй жилийн турш би гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ төлөө зүтгэлээ. Нэг ч өдөр зогсолгүй, зүгээр суулгүй, тасралтгүй зүтгэсээр л байсан. Намайг мэддэг хүмүүс зүтгэлтэй хөдөлмөрч л гэдэг. Нэг найз маань чи үнэхээр солиотой хүн юм гэж билээ. Хариуд нь би тиймээ би хэзээ ч шантардаггүй болохоор үнэхээр солиотой хүн байх гэж хариулж байсан юм. Ерээд оны үедэдийн засаг хүндэрч цэргийн албанд байсан аав минь цомхотголд орж амьдрахын эрхэнд янз бүрийн л юм хийж наймаанд хүртэл явж байсан үе. 10 жилийн хүүхэд байсан хэдий ч аав ээждээ туслахсан гэдэг бодол толгойноос салдаггүй байлаа. Арслантай гүүрэн дээр ундаа зарж, Нарантуул зах дээр аавынхаа хийсэн диван, кресло, метрийн даавуу гээд янз бүрийн л юм зардаг хүүхэд байлаа. Гудамжинд ундаа зарж яваад аавтай таарчихаад шийтгүүлж байсан минь ер санаанаас гардаггүй юм. Аав минь уг нь чамайг ийм амьдралаар амьдруулахгүй л юмсандаа гэж их л харамсан хэлж байж билээ. Гэхдээ энэ цагаас хойш эргэлт, буцалтгүй амьдралын төлөө зүтгэсэн дээ. 10-р ангиа төгсөөд сэтгүүлчийн ангид элсэн орсон жилээ, зуны амралтаараа Ник-Элч сонины борлуулагчаар ажилд ороод удалгүй хамгийн сайн борлуулагч болж шагнуулах болоход- би шагнал авахгүй танай сонин дээр ганцхан нийтлэл бичиж үзье гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд бүгд л өхөөрдөн зөвшөөрсөн юм. Дөнгөж 1-р курст элсэн орж байсан хүүхэд байсан жил л дээ. Анхын нийтлэл маань тэр сонины шилдэг нийтлэл болж Ник-Элч сонины сурвалжлагчаар ажилд орж байлаа. Сэтгүүлчийн ажлын гараа маань эндээс л эхэлсэн хэрэг. Дараа нь Үнэн сонинд сурвалжлагчаар мөн Чиний зураг сонинд сурвалжлагч хийж байгаад Love & Music сониныг эрхлэн гаргаж эхэлсэн. Борлуулалтаараа тухайн үедээ л тэргүүлж Монголын анхны бүрэн өнгөт сонин болсон. 1997 онд 18 настай хүү байлаа шүү дээ. Их сургууль төгсөөд 2000 оноос эхлэн Эрдэнэтийн МУИС-д Уран зохиол, сэтгүүл зүйн онол, монгол хэлний найруулга зүй, түүх философийн багшаар ажиллаж давхар Эрдэнэт хотын Улс төрийн их сургуульд Улс төр судлал эдийн засгийн хичээлүүд заадаг байлаа.

Хожим Ntv телевизтэй ажил амьдралаа холбож “Чухал яриа” нэвтрүүлгээ хийж  эхэлсэн.Эргээд харахад 850 дугаар нэвтрүүлэг хийсэн байдаг юм билээ. Жинхэнэ ардчилалын зарчмыг, ардчиллыг удирдаж байгаа хүмүүсийн үг яриаг иргэдэд сонсгож тэд яаж удирдаж байна, ололт нь юу юм гэдгийг үзэгчидэд харуулахаар зорьж сүүлийн 8 жилийн амьдралаа тэр чигт нь зориулсандаа. Миний нэвтрүүлгүүд тэр чигтээ ард түмэнд зориулагдсан нэвтрүүлэг байсан. Гэтэл би тэдэнд нэвтрүүлэгээрээ тус нэмэр болж чадсан болов уу. Амьдралын нэг талд иргэд улам ядуурч хоосорч, нөгөө талд хүмүүс хөрөнгөжиж чадалжихын хирээр улам ханаж цадахаа мэдэхээ больж, одоо бүр офшоор данстай болсон чханаж цадахаа больж байгааг харж байна.Тийм учраас нөгөө талдаа байгаа амьдрал нь аймшигтай ядуу зүдүү, хэцүү байгаа тэр хүмүүсийг тэд огт ойлгодоггүй юм байна гэдгийг л олж харлаа.  Ойлгодоггүйгээсээ гадна ойлгохыг хүсдэггүй юм байна. Зөвхөн би гэдэг зарчмаар амьдардаг юм байна гэдгийг ойлгосон. Дээрээс нь сүүлийн 2 жил гадаад улсуудаар хэсэж өндөр хөгжилтэй 20 гаруй орноор явахдаа хөгжил дэвшил гэдэг өндөр байшин барилга, зам гүүр, гоё хот биш харин хүн хүнээ хүндэтгэх, хүн хүнээ хайрлах, дээдлэх явдал юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож ирсэн. Японд, Солонгост ард түмнээ өндөр настнуудаа, хүүхэд багачуудаа яаж хайрлаж улс үндэстэн иргэнээ яаж дээдэлдэгийг харж ирлээ. Төр өөрөө иргэндээ шударга хандах нь хамгийн чухал зарчим юм байна гэдгийг ойлгосон. Хий дэмий ярих биш хийдэг хүн улс орон л хөгждөг юм байна гэдгийг ч харсан. Одоо “Шударга ярья” ток шоу нэврүүлгийг хийж байна. Хэний ч асуухаас халирдаг шударга асуултуудыг асууж, шударга үнэнийг л ард түмэндээ хүргэхийг зорьж байна.

Таны Фэйсбүүкээс харахад та хэдэн жилийн өмнөөс л хүүхдүүдэд бэлэг тарааж, шинэ жилээр ядуу гэр бүлийн хүүхдүүдийг баярлуулах болсон юм билээ л дээ Нэгэнт таны нэр ядуу гэр бүлийн хүүхдүүдтэй бас цэцэрлэгтэй холбогдсон Яагаад тэдний төлөө санаа тавих болов?

-Өөрийнхөө төлөө амьдрах амархан. Ажлаа хийгээд цалингаа аваад сайхан амьдраад байж болно. Бусдын төлөө амьдрах  гэдэг хэцүү. Энэ төр засаг ард түмнээ хайрлаж хүн гэдэг үнэт зүйлээ ойлгохгүй байна шүү дээ. Ард түмэн ямар аргаа барахдаа элдэв янзын ТББ байгуулж нэг нэгэндээ тусалж байхав дээ. Залуус гудамжны цэвэрлэгч, замын цагдаад өвлийн хүйтэнд адууны мах, аарц цалингаасаа илүүчлэн байж хүргэх хөдөлгөөн өрнүүлж, ядарсан зовсон нэгэндээ мөнгөө нийлүүлж гэр авч өгч, өвдсөн зовсон нэгэндээ хандив цуглуулж эмнэлэгийн зардал олж өгч байна. Миний хувьд яахав дээ Бусдын төлөө жижигхэн ч гэсэн зүйлийг чадлынхаа хирээр хийх юмсан гэж хичээдэг. Нэг их юм ч хийж амжсангүй л дээ. Дан ганц миний ганц хөдөлмөр биш миний найз нөхдийн хөдөлмөр зүтгэл юм шүү дээ. 800 мянган төгрөгийн цалинтай Болдко бол хэн ч биш байсан. Тэгэхээр миний найз нөхдийн, эргэн тойрны хүрээллийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэл надад тус болдог. Аливаа хичээл зүтгэл жижигхэн ч гэсэн үр дүнд хүрдэг. Надад харин сонголт байхгүй. Үлдсэн амьдралаа ирээдүйгээ би бусдын төлөө зарцуулна гэдэг сонголтыг хийсэн, энэ сонголтынхоо төлөө амьдарна. Тэр тусмаа хүүхдүүдийн төлөө.

-Та өөрөө элэг бүтэн сайхан гэр бүлд өссөн. Яагаад хүүхдийн төлөө ингэж анхаарах болов оо?

-Ядуу амьдарна гэдэг хүний өөрийнх нь сонголт. Ядуу байгаад түүндээ дасаад, түүндээ сайн сайхан сэтгэл хангалуун байх нь түүний өөрийнх нь сонголт. Гэтэл ядуу гэр бүлд төрнө гэдэг, төрсөн цагаасаа эхлэн зовлон зүтгүүрийг мэдрэнэ гэдэг бол хүүхдийн сонголт биш. Тэр сонголтыг бид зовлон зүдгүүртэй нь  хүчээр тулгаж өгч байгаа юм. Эцэг эх бүр үр хүүхдээ хүн чадлынхаа хирээр хайрладаг уу? Хайрладаг. Чадлынхаа хирээр зүтгэдэг үү зүтгэдэг. Гэтэл энэ нийгмийн буруугаас болоод буруу удирдлага, буруу чиглэл, буруу ардчиллаас болоод хүмүүс ядуу амьдарч зовж зүдэр ч, ажилгүй, ажилд орох нөхцөлгүй, орсон хойноо хангалттай цалин авч чадахгүй байна. Өнөөдөр 200, 300 мянган төгрөгний төлөө ажил хийгээд ер нь яах юм бэ. Ийм цалин өгч гэж байгаа нийгэмд ажил хийгээд яах юм бэ. Сая цалин тэтгэвэр тэтгэмжийг сонгуулийн өмнө нэмж шоудлаа. Гэтэл хорин хэдэн мянган төгрөгөөр л нэмлээ. 10 жилийн өмнөх 20 мянган төгрөгөөр, 8 жилийн өмнөх 20 мянган төгрөгөөр бид нар тор юм худалдаж авдаг байсан бол одоогийн 20 мянган төгрөгөөр юу худалдаж авах вэ. Аргаа барахдаа шил архи худалдаж аваад зовлон зүдгүүрээсээ түр ч атугай салж байна шүү дээ. Ийм ядуу гэр бүлд төрсөн хүүхдүүд шууд зовлонд унаж байна. Өлсөж байна, өвдөж байна, түлэгдэж байна, шалзарж байна, архичин ээж аавдаа зодуулж байна. Гадаа хонож байна хөлдөж осгож, зодуулж үхэж байна. Гэртээ харж хандах хүнгүйгээс болоод бэртэж гэмтэж байна. Биеэ үнэлэгч ээжтэй, архичин аавтай эсвэл архичин хойд эцэгтэй хүүхдүүдийн хувь тавилан бол дэндүү аймшигтай, дэндүү зэрлэг байна шүү дээ. Энэ болгонд чадлынхаа хирээр тусалчих юмсан. Ядуу хүүхдүүдэд би чадлынхаа хирээр л туслана. Өвдөх зовох, гэмтэх бэртэх гээд энэ бүхэнд үлдсэн амьдралаа зориулахсан. Одоогоор би хангалттай ихийг хийж чадахгүй байгаа ч үлдсэн амьдралаа зориулна зарцуулна л гэж боддог.

Нийслэлийн ИТХ-д нэр дэвших болсон шалтгаан тань юу вэ?

НИТХ-ын сонгуульд нэр дэвших болсон 3 шалтгаантай.

1-т Иргэний хөдөлгөөний намаас дэвшиж байгаа юм. Хэн нэгэн намын харьяалалд, хэн нэгэн намын даргын үйлчлэгч байж, ямар нэгэн намын эрх ашгийн гүйцэтгэгч байхыг би огтхон ч хүсэхгүй байна. ИХН-аас намайг намаа төлөөлөөд сонгуульд орохыг зөвшөөрсөн явдалд би их талархаж байгаа.

2-т Улаанбаатар хотын хэмжээнд 50 гаруй мянган хүүхдүүд цэцэрлэггүй өвөлжлөө. Энэ байдлаас болж өдөрт 10-12 хүүхэд тогтмол түлэгдэж гэмтэж бэртэж, бусдын хүчирхийллийн золиос болж ирээд амиа алдаж байна гэдэг мэдээлэл яваад байхад Нийслэлийн иргэдийн төлөөлөгч буюу иргэдийг төлөөлж байгаа хүмүүс юу ч дуугараагүй. Хүүхэд гэдэг чинь хүн шүү дээ. Тэр иргэдийг төлөөлж байгаа иргэдийн төлөөлөгчид, одоо гэнэт ард түмэндээ хайртай болоод сайн сайхан юм яриад, үнсээд яваад байгаад би гайхаж байна. Бусдад хайр амлаад хотоо хөгжүүлнэ гэж яриад байгаа, Улаанбаатар хотдоо хайртай гээд яваад байгаа энэ иргэдийн төлөөлөгч буюу намаас нэр дэвшиж байгаа залуус нэг нь ч энэ ядарсан зовсон хүүхдүүд дээр ирээгүй. Хотдоо хайртай биш хүндээ хайртай байх ёстой л байхгүй юу даа. Болдкогийн цэцэрлэгийг байгуулах гээд найз нөхдийнхөө хамт ажил хийж зүтгэж явахад хэн ч тоогоогүй. Дараа нь цэцэрлэг баригдаж дуусах дөхөж зөвшөөрөл авах гээд хөөцөлдөж байхад ганц нь ч туслаагүй. 50 хүүхэд ч болтугай эрүүл аюулгүй өсч бойжигдээ гэж нэг нь ч бодохгүй байна. УИХ-ын гишүүдээс нэг нь ч ирээгүй. Ганцхан боловсролын сайд Л.Гантөмөр бидэнтэй холбоо барьсан. Өөр хэн ч ирээгүй. НИТХ гэдэг бол нийслэл дэх иргэдээ төлөөлж, иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэх ёстой болохоос биш өөрийгөө төлөөлж өөрийнхөө төлөө явах гэж байгаа хүмүүс байх ёсгүй. Тийм ч учраас би нийслэлийн иргэдийн хуралд нь орж тэнд төчнөөн хүүхэд түлэгдэж байна, энд өчнөөн хүүхэд гэмтэж бэртэж байна аа. Энд хүүхэд хүчирхийллийн золиос болж байна гэдгийг яримаар байна.

3-рт ИТХ-ын төлөөлөгчийн хуралд ч би сэтгүүлчийнхээ ажлыг үргэлжлүүлэн хиймээр байна. Тэнд ярьж байгаа бүх юмыг иргэддээ мэдээлж, нээлттэй байлгамаар байна. Зам байшин барилгаас илүүтэйгээр хүндээ, ард иргэддээ чиглэсэн шийдвэрүүдийг гаргадаг болгомоор байна. Нам дагасан намын төлөө үйлчлэгч төлөөлөгч биш иргэдийн шударга төлөөлөл болмоор байна. Ард иргэдэд ашиггүй буруу шийдвэрийн гол гацаагч нь байж шударга үнэнийг ард иргэддээ мэдээлдэг баймаар байна.

Нэгэнт олны танил хүн болохоор танд Нам эвслүүдээс таныг гишүүн болооч, манайхаас дэвшээч гэдэг санал ирсэн үү?

-Ер нь бараг нэг ч үлдээгүй бүх намаас ирсэн. ИХН-ыг яагаад сонгож авсан бэ гэхээр энэ бол иргэний хөдөлгөөн буюу иргэдээ төлөөлье гэсэн санаатай нам байгаа юм. Намын бодлого нь анхнаасаа иргэнээ ярьж иргэнээрээ нэр өгсөн нам гэдэг бол арай өөр ойлголт юм уу даа. Ер нь бол бүх намаас манайд ажилла, албан тушаал амлах ч юм уу тиймэрхүү зүйлс зөндөө байсан. Алинд нь ч би очоогүй. Яагаад гэхээр ИХН намайг иргэдээ төлөөлж иргэдийн хуралд ороочээ гэсэн саналыг тавьсан. Надад нэр нь ч таалагдсан. Манай намыг дэмжээрэй, тэдэн төгрөгийн санхүүжилт төлөөрэй, манай намд тэдэн төгрөг оруулаарай гэдэг зүйл яриагүй. Зөв санагдсан. Буцаад би өөрсдөд нь ч хэлсэн. Би танай намыг бодлого, мөрийн хөтөлбөрийг иргэнийхээ хувиар дэмжиж байна. Үүний төлөө ажиллахад бэлэн байна. Танай намын дарга хэнбугай ч байсан ч нам ямар ч байлаа гэсэн би бол ард иргэдийнхээ эрх ашгаас эсрэг үйл ажиллагаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тэр бол чиний эрхийн асуудал гэсэн.  Энэ нь надад таалагдсан.

-Таны сонгуулийн уриа Хүүхдийн төлөө. Хүүхдээр шоу хийлээ гэх вий дээ?

-УИХ-д олон гишүүд хүүхдийн нэр барьж гарсан. Тэд тэгээд хүүхдүүдийн төлөө юу хийсэн юм. Хэдэн саяын үнэтэй плате өмсөж, хэдэн зуун саяын ганган машин хөлөглөж шинэ жил тэмдэглэж явахдаа нэг ч гэсэн хүүхдийг кабиндаа суулгаад дулаацуулсан юм уу. Гахайн тоорой үнэ хаялцаж авч байсан мөнгөөрөө гэр хорооллын ганц ч гэсэн айлд портер нүүрс аваад өгсөн юм уу? Тэднийг 31-ний орой үнэтэй тансаг шинэ жилээ тэмдэглэж байхад би ядуу хүүхдүүддээ зориулж сүүлийн 3 жил бүх цалингаараа бэлэг авчихаад худаг дээр сууж л байсан. Энийг шоу гэх үү? Хар амиа хичээсэн ийм л өөдгүй хөгийн нөхдүүдийг бид төлөөллөө болгон сонгож эрх ямба эдлүүлж тансаглуулсаар ирлээ шүү дээ. Би хүүхдийн нэр барих гэж байгаа юм биш. Энэ бол зүгээр хүүхэд бүхний төлөө гэдэг нь миний амьдралын зарчим. Би амьдралын зарчмаа л уриа болгосон. Таныг сайхан байлгана, сайхан амьдруулна гоё сайхан амьдралын төлөө, Улаанбаатар хотынхоо төлөө гэж би худлаа ярихгүй. Ер нь УИХ-д нэр дэвшиж байгаа залуучууд болгон нөгөө л намаас, тэр намаас энэ намаас гэж гарч ирчихээд намынхаа эрх ашгийн төлөө зүтгэдэг, намынхаа бодлогыг хэрэгжүүлэх гэж бас намынхаа даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж л сонгогддог. Иргэдийн төлөө юу ч хийдэггүй юм. Өнөөдөр энэ Нийслэлийн ИТХ-д, УИХ-д нэг бүр нь 4-5 мянган төгрөгийн брошур хэвлүүлж хэдэн арван сая төгрөг зарсан зурагт хуудас, лоозонгуудаа хэдэн арван саяаар хийлгэж үргүй зардал гаргаж байгаа хүмүүс яасан их мөнгөтэй юм бэ. Энэ мөнгөө сонгуулийн төлөө ингэж улайрч байхаар нэг ч гэсэн ядарсан зовсон ард иргэдийнхээ төлөө зарцуулахгүй яасан юм бэ. Эд өнгөрсөн 4 жилд хаана байсан юм бэ. Нэг айлын жорлонруу орж үзсэн юм уу. Гэр хорооллын утаан дунд нэг шөнө алхаж үзсэн юмуу.Нэг ядарсан айлын хүүхэд тогоотой халуун хоолондоо унаж Түлэнхийн төв дээр хэвтэж байхад иргэдийн төлөөлөгч тэр хүмүүс иргэдээ төлөөлөөд тэр эмнэлэг дээр очиж нэг удаа тусалсан юм уу. Ядаж сэтгэлээр ч болов дэмжсэн юмуу. Эгэл жирийн  залуучууд олон удаа тусалсан ш дээ. Тэр Дальжигүүр байна, Сувд-Эрдэнэ байна. Цэцэрлэггүй харах хандах хүнгүй осолдож түлэгдсэн хүүхдүүд арьсаа махтайгаа хуулуулж зовж байхад, иргэдийн төлөөлөгч хаана байсан юм бэ? Тэдний төлөөлөл хаана байсан юм бэ.Тэгээд тэд өнөөдөр хайр ярьж байгаа байхгүй юу. Тэд иргэдийн саналыг авахаар хэвлэх үйлдвэрүүдэд, телевизүүдэд төлж байгаа тэр олон зуун сая төгрөгөө түлэнхийн төвд аваачаад өгчихсөн бол, нэг ч гэсэн цэцэрлэг нийлээд барьчихсан байсан бол энэ хүн иргэдийн төлөөлөл байна гэж бид ойлгох байсан. Тэгэхэд өнөөдөр иргэдийн саналыг авахын тулд гоё инээсэн зураг тавьчихаад аягүй олон хуудастай гоё плакат хийчээд, та нарт ийм ийм хийж өглөө шүү гээд, тэртээ тэргүй улсын хийх ёстой ажлыг өөрийнхөө ажил болгоод зургаар үзүүлчихээд зургаа тавиад худлаа инээгээд байж байна. Мөн утаа угаар гэдэг нийслэл хотынхны гол гамшиг болоод байна.  Өнгөрсөн 4 жил энэ утаан дотор хордожхичнээн олон хөгшчүүлийн зүрх нь хаагдсан болхичнээн бүсгүйчүүд хүүхдээ төрүүлж чадалгүй ураг нь гэдсэн дотроо амьгүй болсон бол,Хэдий олон хүмүүс багтарч хордож гудамжинд унаж, элэгний хорт хавдар, уушигны хорт хавдраар өвчлөлөө энэ бол аймшигтай тоог зориг гаргаж тооцоолж гаргах хүн албан байгууллага байна уу. Энэ олон хүмүүс агаарын бохирдлоос болж амь насаа алдаж байхад энэ иргэдийн төлөөлөгчид хаана байсан юм бэ.  Одоо ингэж худлаа ярих хэрэггүй байхгүй юу. Нэг их ажил хийсэн хүн болж худлаа солиорох хэрэггүй байхгүй юу.

-МЗХ-оос гаргасан улс төрд орж болох 100 цагаан жагсаалтад орсон.

-100 цагаан жагсаалтад орсон шалтгааныг Болдкогийн цэцэрлэгийг байгуулсан болон өнчин ядуу хүүхдүүдийн төлөө хийсэн ажлыг маань үнэлсэн болов уу. Гэтэл төр засгаас бидэнд ямар ч дэмжлэг үзүүлээгүй. МЗХ намайг энэ жагсаалтад оруулсанд би талархсан. Ямар ч байсан залуучууддаа, ард түмэндээ цагаанаар үнэлэгдэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хариуцлагын гэрээ гэдэг зүйл хийж байгаа нь маш зөв санагдсан. Яагаад гэхээр эргээд нөхөр минь чи энэ цагаан жагсаалтанд орсон бол цаашаа үргэлжлүүлээд хариуцлагатай явна шүү гээд хариуцлага тооцох тэр системийг гаргаж өгч байгаа нь их зүгээр юм шиг санагдсан.

-Цаашид ямар хүмүүнлэгийг ажил хийхээр төлөвлөсөн бэ. Эхлүүлсэн байгаа юу?

-Бид “Гэрэлт Эгшиглэн” гэдэг амьдралын боломжгүй ядуу хүүхдүүдэд туслах Төрийн бус байгууллага байгуулсан. “Хүүхэд бүхний төлөө” санг ч бас байгуулж амжсан. Германд байгаа Монголчууд мөн Австрали, Ирланд, Швейцарьт байгаа Монголчууд бидэнд хүүхдийн хуучин хувцас, тоглоом, зарим хэрэгсэл цуглуулж илгээсэн. Тэр тусмаа Германы Монголчууд маш идэвхтэй ажиллаж тусалж байгаа. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан.  Бид нарт нэг газар өгөөчээ. Бид нар нэг хүүхдийн агаар сувилал хийе ээ гэж. Энэ агаарын бохирдол гэдэг аймшигтай юм чинь хамгийн эхэнд хүүхэд хөгшидөд муугаар нөлөөлж байна. Хөгшид нас барчлаа л гэдэг. Энэ хөгшнийг агаарын бохирдлоос болж нас барж уу үгүй юу гэдгийг хэн судалж байгаа юм бэ. Хэн ч судлахгүй байгаа. Энэ агаарын бохирдолд хөгшин хүн уушигны дутагдлаар, хүчилтөрөгчийн дутагдлаар зүрхний инфактаар нас барж байгаа ш дээ. Гэтэл одоо үүнийг зүгээр л жамаараа өөд болсон гэж ойлгож байна. Энэ утаанаас болж маш олон хүн хордож үхэж байгаа. Миний гэр бүлийнхэн, эргэн тойрныхон, хөршүүд өвөл маш хүнд байдалтай байгаа. Хог новш, үнс нурам, угаарын хий гээд хордохгүй юм алга. За тэгээд хүүхдүүд бүр ч илүү үүнд хорддог. Энэ болгон нийт ард иргэдийг үхэлд хүргэж байна. Баян хөрөнгөтэй айлууд өвөлд хүүхдээ гадагшаа явуулчихаж байна, зунд хөдөөгөөр дагуулаад амраад явж байна. Гэтэл ядуу зүдүү хоногийнхоо хоолыг залгуулж байгаа айлууд юугаараа гадаад явж юугаараа хөдөө явах юм бэ. Юугаараа агаарт гарах юм бэ. Яаж эмчлэх юм бэ. Улс төрчид уушигны эмнэлэг байгуулбал ашигтай гээд яриад явж байгаа шүү дээ. Агаарын бохирдолд нэрвэгдсэн ядуу иргэддээ тэдний хүүхдүүдэд зориулж агаар сувилал барьчих юмсан. Өвөл зунгүй үнэ төлбөргүй ажилладаг болгох юмсан. Энэ асуудалд нийслэлийн удирдлагуудын төр засгийн анхаарлыг хандуулах юмсан. Болбол тэднээр хийлгэчих юмсан л гэж бодож зорьж явна. Энэ бол мэдээж хэдэн жилийн ажил болох байх. Заавал ИХТ болвол би хийнэ гэж байгаа юм биш болсон болоогүй хийнэ. Ээж хүүхдүүд агаарт гараад долоо хоног ч болов цээжээ онгойлгоод сайхан хангалттай хоол ундтай эмчилгээ сувилал хийлгээд ядаргаагаа тайлаад амарчихдаг тийм л газар хэрэгтэй. Монголын хэмжээнд заавал ядуу хүмүүс гэлтгүй бүгд хүүхдээ дагуулаад хөдөө явъя гэхээр очих газар байхгүй, ах дүү хамаатан садан байхгүй бол хөдөө явах газар олддоггүй ш дээ. Хаана очих юм бэ. Тэгэхээр ийм хүмүүст зориулсан эх үрд зориулсан агаар сувилалыг хийхэд иргэдийн төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байна. Тэрнээс биш надад эрх мэдэлтэн дарга болох ямар ч хэрэгцээ шаардлага алга.

 –Иргэдийн төлөөлөгчид ард түмнээсээ хол байсан гэж та ярьж байна. Тэгвэл та яаж ойр байх вэ?

-Иргэдийн төлөөлөгчид хол байна гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрнө. Орон сууцанд амьдардаг хүн гаднаас орж ирээд гутлаа тайлаад зурагтаа асаагаад амардаг бол гэр хорооллынхон гаднаас орж ирээд галаа түлнэ, модоо хагална, нүүрсээ оруулна гээд ажилласаар л байдаг. Гадаа хүйтэнд нүүрсээ савалж оруулж ирэхээс авахуулаад өвлийн хүйтэнд гэр дулаацтал бөөн ажил, мөнгөгүй бол нөгөө нүүрсээ зээлж авна гуйна. Ажлаа тараад нэг талдаа нүүрс, нөгөө талдаа мод бариад л ирж байх замдаа гэрт ус байгаа билүү? үгүй билүү гэж бодож ирнэ. Гэтэл зайсангын тансаг хаусанд амьдардаг намын төлөөлөл үүнийг ойлгох уу. Арчаагүйдээ ингэж амьдар ч байна гэж нэрлэх үү. Зовлонг нь мэдэхгүй байж яаж энэ иргэдийг төлөөлөх вэ? Яаж төлөөлж би чадна гэж бодоод байгаа юм бэ? Хүнд ганцхан том алдаа байдаг. Мэддэггүйгээ мэдэхгүй байна гэдэг. Мэддэггүйгээ мэддэггүй хүн би бүгдийг мэддэг гэж боддог. Ийм л болохоор тэд гэр хорооллын иргэдийг тансаг амьдралаасаа төлөөлж чадна гэж бодоод байна. Тийм ч учраас гэр хорооллын иргэдийн амжиргааны түвшин улам бүр дордоод байгааг ойлгохгүй байна. Би энэ хүмүүстэй яаж ойрхон байх вэ гэхээр бид зовлон нэгтэй. Бид нэг орчинд өссөн хүмүүс. Энэ хүмүүстэй цуг  амьдарч байна. Би энэ гэр хорооллоосоо зайлахыг хүсдэгч үгүй. Би харин гэр хорооололд орон сууцнаас гоё амьдрахыг л хүсдэг. Гоё байшин бариад хашаандаа дүүрэн модтой, худагтай усан оргилууртай. Чамайг ирэхэд манай хашаанд мод байна уу байна, усан оргилуур байна уу байна. Гэтэл Зайсангийн мкв нь хоёр гурван мянган долларын үнэтэй тэр байшингуудтай ижил хэмжээний квадраттай байшин барьчихсан л байгаа биздээ. Гэр хороололд гоё амьдарч болно ш дээ. Хүн хөдөлмөрч байвал эргэн тойрноо амьдралаа цогцлоож болно. Гэр хороололд хамгийн хөдөлмөрч хүмүүс амьдардаг. Яагаад гэвэл тэд чинь гаднаас орж ирээд гутлаа тайлаад амардаггүй байхгүй юу. Өглөөс босоод Зайсанд амьдардаг хүмүүс усанд ордог бол гэр хорооллынхон дахиад галаа түлдэг байхгүй юу. Ер нь мөстэй усаар нүүр гараа угаахын зовлонг үзээгүй хүн яаж энэ иргэдийг төлөөлөх вэ. Би энийг гайхдаг. Яаж төлөөлнө гэж төсөөлөөд хэдэн зуун саяар өнгөт боршуур хэвлээд хүн хуурах гээд яваад байгаа юм. Ийм л сонголтууд өнгөрсөн хугацаанд хүмүүс хийж байсан учраас гэр хорооллын иргэдийн амьдрал улам л муудаад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл өөрийнх амьдралыг мэдэхгүй хүмүүсийг сонгоод байсан юм. Одоо болих хэрэгтэй. Гаднаа жийп тавьчихаад, олон дэлгүүрийг хөлсөлж аваад штабаа болгочихсон, олон зуун залуусыг хөлсөлж аваад өөрсдийнхөө ухуулгыг хийгээд тэрний мөнгийг хэдэн зуун саяар нь төлчихөөд тэгээд дараа нь би ядарсан зовсон гэр хорооллынхныг төлөөлнө гэж ярьж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй.

 Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг. Тэгэхээр би та нартай зовлон нэгтэй, би та нарын хийдгийг хийдэг. Би эндээс Зайсанруу нүүхгүй ээ Надад боломж бий. Чадал ч бий. Тэгэхээр надад мөрөөдөл бий. Би ганцаараа биш бүгдээрээ нийслэл хотдоо сайхан амьдрах, аз жаргалтай амьдрах цаг ирнэ гэж би боддог. Гэр хороололд амьдардаг хүн хотын төвийн оффист ороод суухад тэрүүгээр нэг ханан пийшингийн угаарын үнэр үнэртдэг. Монгол хүн гадаадад очиход хувцаснаас нэвширсэн угаар үнэртдэг. Шал өмхий Энэ үнэн биздээ? Энэ муу хэлж байгаа юм шиг боловч үнэн ш дээ. Би энэ үнэрийг арилгамаар байна. Би брошуртаа инженер Даваагийн утаанаас салах төслийг оруулсан байгаа. Амлалт биш зүгээр л инженерийн төсөл. Хэдэн тэрбумыг зарцуулаад салахгүй байгаа агаарын бохирдлоос салах боломж байдаг юм байна шүү гэдгийг л харуулсан хэрэг.

 –Гэр хороололд хамгийн их асуудалтай зүйл нь юу вэ?

-Гэр хороололд хамгийн асуудалтай зүйл бол ус байдаг. Хүн уснаас ангид амьдарна гэж байхгүй. Өнгөрсөн сонгуулиар Бат-Үүл дарга энд тэнд очоод цэвэр усны шугамны нээлтийн ажиллагаа хийж байсан. Хаана байна 4 жил өнгөрлөө. Худаг байсан хэвээрэй. Худагруу тэрэг түрдэг хэвээрээ. Одоо та нар энэ зүүн талын ч юмуу, баруун талын худган дээр очих юм бол 4 настай, 5 настай хүүхэд тэрэг түрээд ус аваад явж байгааг харна. Орон сууцны айлын нэг удаа аяга таваг угаадаг усаар эндхоёр гурав хоног амьдардаг. Тэгээд үүнийгээ доромжиллоо гэж ярих уу, энэ чинь бол чин үнэн байхгүй юу. Болдко гэр хорооллынхныг доромжиллоо муучиллаа гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Болж байгаа,бүтэж байгаа, зам гэрэлтүүлэг гээд сайхан зүйл байгаа. Бас болж бүтэж амжилттай амьдар ч байгаа тэр хүмүүс энэ сэдвээс өөрсдийгөө хасчих. Болохгүй байгаа хүмүүсийг нь би ярьж байна. Болохгүй байгаа хүмүүсийн төлөө хэлж байгаа юм. Гэр хорооллынхон яагаад ингээд өнгө зүс алдаад л ядуучууд гэж хэлэгдээд зарим хүмүүст ад үзэгдээд байна. Яагаад гэвэл ус хомс байхгүй юу даа.Бид бүгд хүмүүстэй адил шинэ хувцас шинэ цэвэрхэн хувцастай явдаг ш дээ. Гэр хороололд сайхан болж байгаа зүйл байгаа. Гэхдээ хичнээн сайхан хашаагаа цэвэрлэсэн ч гудамжны хог нь хийсч ирээд хашаагаар чихчидэг байхгүй юу. Би энэ хүмүүстэй яг адилхан зовлон нэгтэй, би яг адилхан угаадсан дээр алхаад ажилдаа явдаг. Энэ өвөл би хар мянган удаа угаадсан дээр халтирч унасан. Халтирч унаад хуруугаа няц, утсаа хагалж байсан. Олон удаа цэвэрхэн костюмтэй гараад үнсэн саарал болтлоо нүдэн дотроо шороо чихүүлээд зогсож байсан. Энэ миний амьдрал. Энэ зовлонг үзээгүй байж биднийг төлөөлнө намайг сонгоочээ би нарын амьдралыг сайхан болгоно гэж байгаа бол үгүй юм.

-Амьдралд, нийгэмд нөлөөлөхөөр энгийн аргууд их олон байдаг. Яагаад ийм зүйлсийг эрх баригчид олж харж, гаргаж ирдэггүй юм бол оо?

 –Чухал яриа нэвтрүүлгийг би хийдэг байхад би Агаарын чанарын албатай хамтран 8 нэвтрүүлэг хийсэн. Утаа гардаг зуухыг утаагүй зуух гэж нэрлэлээ гэдгээс эхлээд нийтдээ 8 нэвтрүүлэг хийсэн. Өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулсан. Утаагүй болохын төлөө. Улаанбаатарын агаарын чанар найман жилийн дотор 16-д бичигдэж байсан бол одоо дэлхийд 2-т орж байна. Бээжин нэгт, Улаанбаатар 2-т орж байна. Хамгийн хортой болон аюултай хот. Нөгөө олон зуун тэрбумын тэмцэлийн үр дүн. Түрүүчээсээ шорон орон, цагдаа сэргийлэх болоод эхэлчихсэн л явж байна. Тэгвэл энэ хооронд агаарын чанарыг сайжруулах маш олон оновчтой төсөл санаачлагууд иргэдийн зүгээс ирж байна. Засгийн газар мэдэж байсан. Болох юм байна гэдгийг ойлгож байсан харж байсан боловч өөрт нь ашиггүй байсан учраас түүнийг сонгож байгаагүй. Тэгвэл өнөөдөр би иргэдийн хуралд үүнийг л ярья, үүнийг л зөв хийе гээд байгаа юм. Ахиад агаарын бохирдлоор үр дүнгүй мөнгө зарцуулах гээд ирвэл би гарч ирээд өөрийнхөө нэвтрүүлгээрард түмэнд би мэдээлнэ. Сэтгүүлчид маань сэтгүүлчийнхээ ажлыг хийгээд л явахгүй дээ гэдэг. Зөв өө тэдний зөв. Тэгвэл сэтгүүлчдэд хаалттай хурал, мэдээллүүд зөндөө байдаг. Тэр хуралд юу ярих вэ гэвэл иргэдэд ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг дэмждэг, төлбөр мөнгийг нь дэмждэг байхгүй юу. Үүний эсрэг л би явна.

-Ихэнх нэр дэвшигчид инээмсэглэсэн зургаа тавьсан байналээ. Таны сурталчилгааны хуудсуудад инээмсэглэсэн зураг ховор байх шиг?

Уг нь ганц нэг тийм зураг байгаа л юмсан. Одоогийн нөхцөл байдалд юундаа ч инээж баярлаад байх юм билээ. Сэтгэл дүүрэн, аз жаргалтай байхад инээмсэглэл цаанаасаа л дотроосоо төрдөг байхгүй юу. Би үнэхээр ууртай байна. Шударга баймаар байна, шударга ёс дутагдаж байна. Хувьцаагаа зарахаар банкинд хоног өнжин оочерлож байгаа иргэдээ хараад баярлах уу? Өвлийг арай ядан давж байсан гэр хорооллыхныг хараад баярлах уу? Эсвэл аз жаргалтай, сайн сайхан хүн болж худлаа инээмсэглэн зургаа авхуулах байсан уу? Эсвэл сонгуульд ялах гэж олон зуун сая төгрөг зээлчихээд тэрнийгээ төлөх гэж хэн нэг даргад долигнож ярзайх уу? Юундаа ч инээгээд байх юм билээ. Би чадалтай сайхан амьдардаг гэхдээ Монголчууд бид бүгдээрээ чадалтай сайхан амьдардаг болсон тэр цагт бүгдээрээ хамтдаа чамтай ч бас нүүр дүүрэн инээмсэглэе.

Ярилцлага өгсөн танд баярлалаа амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

13515320_1181445265239459_1046976385_n

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …