Баянгол дүүрэгт ажиллаж, амьдарч буй 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг өчигдөр буюу энэ сарын 22-нд УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүлээн авч уулзав.
Уулзалтыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах, тэдний нийгмийн халамжийн хүртээмжтэй орчныг бий болгох боломж нээгдлээ. Мөн өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлууд хийснийг онцлон хэлсэн юм.
Тухайлбал, Баянгол дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв” -ийг Эрүүл мэндийн 7-р төв дээр байгууллаа. Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засаж хөгжүүлэх үндэсний төв” -ийг 60 тэрбумын хөрөнгө оруулалтайгаар барьж байгуулах төслийг санаачлан батлуулж, бэлтгэл ажлыг ханган одоо 7 сард Баянгол дүүргийн 20-р хороонд шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлэх, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан анх удаа 90 айлын орон сууц бариулж байгаа зэрэг олон ажлыг онцоллоо.
Үргэлжлүүлэн УИХ-ын даргаа З.Энхболд үг хэлэв. Тэрээр 2012 онд Ардчилсан нам засгийн эрх авсныхаа дараа “хүн амын хөгжил” гэдэг үгийг нэмж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулж, тус салбарыг С.Эрдэнэ сайд толгойлон амжилттай ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын онцгой бүлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү төр засгийн бодлогыг хандуулж, шат дараалсан ажлыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн хувьсах зардлыг 2 дахин нэмж өгч байна. Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн таатай орчинг бий болгож, өргөжүүлэх асуудалд ч анхаарлаа улам хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.