Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
– 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой хичнээн маргаан шүүхэд ирсэн вэ? Шүүх дээр бөөн маргаан байгаа гэж дуулдах юм?
– Одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхүүдэд 100 гаруй маргаан ирсний ихэнхийг шийдвэрлэсэн байна.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл буюу сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийн гомдол, маргаан Улаанбаатар хотод 60 орчим, орон нутагт 100 гаруй ирсний ихэнхийг мөн шийдвэрлэсэн байна.
– Сонгуулийн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр болсон хуулийн зохицуулалт практикт хэрэгжиж эхэллээ. Мэдээж асуудал, бэрхшээл байгаа л байх?
– Энэ удаагийн сонгуулийн тухайд нэг онцлог байгаа. Хуучин сонгуулийн хуулиудаар сонгуулийн байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотой маргааны ихэнхийг Сонгуулийн байгууллага өөрөө шийдвэрлэдэг байсан бол 2015 онд батлагдсан шинэ хуулиар Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр өөрчлөлт орсон.
Тухайлбал, орон нутгийн хурлын сонгуультай холбоотой маргааныг тухайн орон нутаг дахь Захиргааны хэргийн шүүх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхээр хуульд заасан.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэх хэрэг маргаан ихэссэн гэж хэлж болно. Мэдээж бүх маргаан шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэдэг нь зарчим мөн боловч шүүх, шүүгчийн өмнө бас нэг том сорилт болж байна. Үүний ард нэр бүтэн гарах нь шүүх эрх мэдэл, шүүхийн шинэтгэлийн том сорилт төдийгүй улс, үндэстний амин чухал эрх ашиг мөн. Асуудлыг ингэж харж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгууль өөрөө төрийн эрх мэдлийг хэнд бариулахыг шийддэг улс төрийн том ажил учраас өрсөлдөөн, тэмцэл, хэл ам бас тийм хэмжээнд байдаг нь дэлхийн л үзэгдэл. Соёлынхоо хүрсэн түвшингээс хамаараад өнгө төрх нь өөр өөр байдаг.
Шинэ нөхцөл байдалтай уялдан манай шүүгч нар сонгуулийн маргааныг улс төрөөс ангид, хууль дээдлэн, хараат бусаар, дээд зэргийн хариуцлагатай, нягт нямбай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ш.Отгон