Ч.Содномцэрэн: Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч оролцоно

sodnomtseren_700

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн иргэд, сонгогчдод хандаж хэлсэн үгийг хүргэж байна.


Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо!

Та бид маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өглөөний 7 цагаас үдшийн 22 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч  ажиллаж байна.

Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулаад санал авах байруудад хүргээд байна. Санал авах, тоолох энэхүү төхөөрөмжийг 2012, 2013 оны сонгуулиудаар амжилттай хэрэглэсэн билээ. Иймд сонгогч Та бүхэн сонгуульд хэрэглэж буй автомат техник хэрэгсэлд итгэлтэй байж болно.

Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгоод байна.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг улс орноос болон Олон улсын байгууллагаас 430 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байна. Гадаадын 15 томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг сурвалжлахаар ирээд байна.

Түүнчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 70 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна.

Сонгогч Та санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгөх ба Санал өгөхөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй ээ.

Санал авах өдөр ажиллаж байгаа байгууллагын захиргаа ажилчиддаа чөлөө олгож, сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхитэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс сонгогч Та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн сонгууль төвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!.

Сонгуулийн ерөнхий хороо

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …