Өнгөрсөн жил эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарлах тохиолдол гарч байсан. Чоно борооноор гэгчээр үүнийг далимдуулан авлига ч нэмэгдсэн. Харин энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдах талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяраас тодрууллаа.
-Цэцэрлэгийн бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?
-Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-нд явуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан.
-Өнгөрсөн хавар цэцэрлэгүүдэд хамран сургах тойрог тогтоосон. Тэр журмын дагуу зөвхөн тухайн хорооныхоо хүүхдүүдийг л бүртгэх үү?
-Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар хамран сургах тойргийг тогтоосон. Энэ нь цэцэрлэггүй хороодыг ойролцоох цэцэрлэгт харьяалуулсан гэсэн үг. Тэгэхээр цэцэрлэггүй хороодод харьяалагдсан хүүхдүүд ч цэцэрлэгтээ бүртгүүлээд орж болно. Гэхдээ бүх хүүхдүүдийг хамруулж чадахгүй.
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхэд хэд байдаг вэ. Тэдний хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна вэ?
-Нийслэлийн цэцэрлэгүүд нийт 32 мянга 230 хүүхэд сургах хүчин чадалтай. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдүүд 99 мянгад хүрсэн. Тийм ч учраас 100 хүүхэд сурах ёстой цэцэрлэгт 170 хүүхэд шахан авч стандарт зөрчиж байна. Ийм арга хэмжээ авсаар байгаа хэдий ч өнгөрсөн жил дөнгөж 69 хувийг нь л цэцэрлэгт хамруулсан гэсэн судалгаа гарсан. Энэ жил 70 хувиас доош бууруулахгүй гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Тэгэхээр гурван хүүхэд тутмын хоёр нь ямар нэг хэлбэрээр цэцэрлэгт хамрагдана. Элсэлтийг шударга явуулахын тулд цэцэрлэг бүрт тусгай комисс ажилладаг. Үүнд эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны төлөөлөл зэрэг хүмүүс багтдаг. Энэ жилээс эхлээд шинээр элсэж буй хүүхдүүдээ заавал хамран сургах тойргоосоо авна.
-Хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг заавал авч ирэх шаардлагатай юу?
-Бүртгүүлэх хүүхдүүд шинжилгээний бичиг авч очих шаардлагагүй. Цэцэрлэгүүдэд өрхийн эмнэлгүүдэд байдаг хүүхдийн эрүүл мэндийн ерөнхий мэдээллийг нь авах үүрэг чиглэл өгсөн.
–Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн цэцэрлэг байгаа вэ?
-Төрийн өмчийн 180, төмөр замын есөн цэцэрлэг байдаг. Төрийн бус өмчийн 166 цэцэрлэг өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулсан. Одоогоор дахин цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг 41 цэцэрлэг аваад байна. Тэгэхээр хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо нэмэгдсэнээр нийслэлийн хэмжээнд нийт 400-гаад цэцэрлэг ажиллана гэсэн үг.
-Цэцэрлэгүүдийн засварын ажил одоогоор хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Төсвийн хэмжээнд бүх цэцэрлэгт засварын ажил хийгдэж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 53 цэцэрлэгт улсын төсвөөр их засвар хийгдэж байна. Энэ ажил 50 гаруй хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 25-н гэхэд дуусна.