Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн явц, үр дүнгээр мэдээлэл хийлээ. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллийнхээ эхэнд энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 73.5 хувь нь сонгуульд оролцсон. Ирц хангалттай байсан тул дахин сонгууль явуулах шаардлагагүй гэдгийг тэмдэглэв.
Тэрбээр цааш хэлэхдээ, “Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласан. Нийт 1998 санал авах байранд 2500 санал авах төхөөрөмжийг ашиглалаа.
Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн дүнг төв сервер дээрээ нэгтгээд, нэгтгэсэн дүнгээ шууд дэлгэцээр олон нийтэд анх удаа харуулсан нь үр дүнтэй ажил болсон. Мөн хяналтын техникийн тооллого явуулахад ямар нэг зөрчил дутагдал илрээгүй” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид нэр дэвшигч Х.Болорчулуун, Д.Оюунхорол нартай холбоотой зөрчлийг хэрхэх талаар лавласан. Сурталчилгааны хугацаанд Дорнод аймагт нэр дэвшсэн Х.Болорчулууны зургийг ухуулах байрнаас өөр газар байрлуулсан зөрчил илэрсэн байна.
Энэхүү хуулийн заалтыг н.Ариунболд гэх үйлдсэн болохыг шүүхээс тогтоосон байна. Үүний зэрэгцээ Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын штабын ажилтан Н.Энхзаяа бэлэн мөнгө тараасныг шүүхээс тогтоожээ.
Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд хэрэв дараагийн шатны шүүхийн шийдвэрт ялалт байгуулсан нэр дэвшигчийн нэр орсон тохиолдолд гишүүний түр үнэмлэхийг эргүүлэн татах бололцоотой гэлээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг