УИХ болон НИТХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан энэ долоо хоногт Засгийн газар, парламент болон Нийслэлийн удирдлагад гишүүдээсээ нэр дэвшүүлэн томилох гэж байна.
Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэхээр болжээ. НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, дарга, Засаг даргаа сонгох юм.
Харин шинээр бүрдэж буй парламентын гишүүд маргааш тангараг өргөнө. Дараа нь УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, улмаар УИХ дахь намын бүлгүүдийг байгуулж, түүний даргыг сонгоно. Ингээд бүтцээ бүрдүүлсэн УИХ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх төлөвтэй байна. Юуны өмнө Засгийн газрын бүтэц цомхон байхаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гэнэ. Тодруулбал, одоо байгаа 15 яамыг 11 болгож цөөрүүлэх аж. АН-ынхан Засгийн эрхийг аваад яамдын тоог олон болгож, зарим яамны төстэй салбаруудыг нэгтгэн шинэ яам байгуулсан. МАН энэ бүгдийг татан буулгаж, хуучин бүтцэд нь оруулах бололтой. Тодруулбал, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай, Аж үйлдвэрийн яамыг Хүнс, хөдөө аж ахуйн яамтай, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэх замаар 11 болгож цөөрүүлэх талаар ярилцжээ.
Угаас Ардчилсан намыг анх засгийн эрхэнд гарах үед сөрөг хүчин болсон МАН-ынхан хэт олон яам байгуулсныг шүүмжилсээр байсан. Тэд энэ удаад шүүмжлэлээ ажил хэрэг болгох учиртай. Бас 11 яаманд мэргэжлийн сайд томилохыг МАН чухалчилж байгаа гэх. Тус намынхан аль болох мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилох, тэр дундаа УИХ-ын гишүүн биш хүнийг сайд болгох талаар АН-д хатуу шаардлага тавьдаг байв. Ингэхдээ бүх сайдыг биш ядаж 60:40 -ийн харьцаатайгаар томилдог болох санал гаргадаг байсан юм. МАН-ынхан өмнө нь сөрөг хүчин байхдаа гаргасан энэ саналаа одоо хэрэгжүүлж мэргэжлийн, “дан дээлтэй” сайд нарыг томилох ёстой болж байгаа юм.
МАН-ын дотоодод томилгоонууд ид яригдаж байна. УИХ-ын даргад М.Энхболд, Н.Энхболд хоёрын аль нэгийг нэр дэвшүүлнэ. М.Энхболд ялсан намын даргын хувиар Ерөнхий сайд болох учиртай ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших учраас гүйцэтгэх засаглалыг эхнээс нь өөр хүнд хариуцуулъя гэсэн байр суурийг тус намын Удирдах зөвлөлөөр ярьсан аж. Харин Ерөнхий сайдад гурван хүний нэр яригдаж буй ажээ. Эхнийх нь М.Энхболд. Тэрээр МАН-ын дарга, тэр утгаараа энэ суудалд очих ёстой гэж үзэгсэд намд нэлээд байгаа аж. Дараагийнх нь У.Хүрэлсүх. Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн, тэр үеэс иймэрхүү мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гурав дахь нь С.Бямбацогт.
Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь намын бүлгийн 26 гишүүнээ удирдаж, амжилттай ажиллаж, сөрөг хүчний үүргийг сайн биелүүлж чадсан бүлгийн дарга гэдэг. УИХ-ын дэд даргад Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Шадар сайдад Ц.Нямдорж, С.Бямбацогт, Уул уурхай, эрчим хүчний сайдад Г.Тэмүүлэн, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Ганди, Б.Мөнхбаатар, Д.Оюунхорол, БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, П.Цогтбаатар, Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, н.Баянмөнх, Сангийн сайдад Ч.Улаан, Б.Чойжилсүрэн нарын аль нэгийг тавихаар ярьж байгаа юм байна. Харин Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Я.Содбаатар нар “өрсөлдөгчгүй” томилогдох магадлалтай байна.
Мөн МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулгын хувьд Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад яригдаж байна. Үүнээс гадна МАН-ын генсек Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсон учир Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэ албыг хариуцуулахаар тус намын Удирдах зөвлөл шийдвэрлэжээ. Харин жинхлэх асуудлыг Бага хурлаараа шийдэх юм байна.
Эндээс үзвэл МАН-ын яриад байсан мэргэжлийн Засгийн газрыг голчлон “”давхар дээл”-тэй сайд нар бүрдүүлэх бололтой. Уг нь тэд “…Давхар дээлээ тайлъя” гэж дөрвөн жил хашгирсныг олон нийт сайн мэдэж байгаа. Ингэхээр “Мэргэжлийн Засгийн газар байгуулахын тулд арга буюу давхар дээл өмслөө дөө” гэх тайлбарыг МАН-ын зүгээс хийж магадгүй нь.