Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан байна. Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, гардан тулааны дэлхийн аварга, боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, дугуйн Ази тивийн аварга, хөнгөн ателетикийн Ази тивийн аварга, жюү-жицу бөхийн дэлхийн аварга, даамын их мастер, шатрын сурагчдын дэлхийн аварга, жүдо бөхийн гран-при, жүдо бөхийн мастерс, Ази тивийн аварга, паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгохоор болжээ.
- Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааг хангахын тулд Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болголоо. Мөн тус банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
- Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Маррэй Маккаллигийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талын баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
- Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, гардан тулааны дэлхийн аварга, боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, дугуйн Ази тивийн аварга, хөнгөн ателетикийн Ази тивийн аварга, жюү-жицу бөхийн дэлхийн аварга, даамын их мастер, шатрын сурагчдын дэлхийн аварга, жүдо бөхийн гран-при, жүдо бөхийн мастерс, Ази тивийн аварга, паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
- “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын болзол хангасан таван уран бүтээлч, нэг хамтлагт мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
- УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хууль болон бусад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын зүгээс зарчмын хувьд дэмжээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Дорноговь аймгийн “Дорнын говь”, Завхан аймгийн “Мөнхөд мандаг”, “Биндэръяа”, “HSM” ХХК-уудын согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ugluu.mn