Цэргийн эмнэлгийнхэн шинэ байрандаа, шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ

13599912_1697670087161403_1996004254169363920_n

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр бусдын эрүүл энхийн төлөө ажиллаж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард эмнэлгийн шинэ цогцолбор барилгын нээлт болж байсан бол энэ удаа шинэ байрандаа төвхнөж, шинэ тоног төхөөрөмжөө суурилуулаад үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, өргөжүүлээд байгаа юм. Ёслолын арга хэмжээнд Монголын Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, эмнэлгийн эмч, ажилтан алба хаагчид оролцсон юм.

13590375_1697669730494772_1555647025196718891_n

Ёслолын арга хэмжээг нээж БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа С.Батболд “Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд байдаг манай эмнэлгийнхэн шинэ орчин нөхцөлд, орчин үеийн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байна. Шинэ эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын яриа хэлэлцээрийн дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлттэй зээлээр авсан. Энэхүү тоног төхөөрөмжөө бүгдийг нь сууриулан өдөр тутамдаа ашиглаж эхлээд байна. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч сурган мэргэшүүлсэн. Эмнэлгийн үйл ажиллагааг чанаржуулах, орчин үеийн тоног төхөөрөмж, байшин барилгатай болгохын төлөө ажиллаж, бодитой үр дүн авчирсан салбарынхаа удирдлагад талархал илэрхийлье” гэсэн юм.

13590335_1697670323828046_8856118045005041286_n
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ “”Бид өнөөдөр түүхэн үйл явдалд оролцож байна. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг манай цэргийн эмнэлгийнхэн шинэ байрандаа ороход бэлэн боллоо. Энэ бол төр засгаас эрүүл мэндийн талаар түүний дотор төрийн тусгай албан хаагчдын нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гэж үзэж байна. Дэлхийн жишигт хамгийн сайн эмнэлэг нь цэргийн эмнэлэг байдаг. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон өдөр бүр өндөр ачаалалтай ажилладаг хамт олон юм. Улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэснээс үүдэлтэй хүйтэн зэвсгийн гэмтлийн тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ Баянзүрх, Налайх дүүргийн ард иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлж байна. Энэ байдлыг ойлгож Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас тэдний эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар байнга анхаарал хандуулж ирсэн. Цаашид ч анхаарал хандуулан ажиллана. Энэ завшааныг ашиглаад энэхүү төслийг анхлан санаачилсан хүн бүхэнд эмнэлгийн ажилтан алба хаагчид, цэрэг эрсийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм. Ёслолын арга хэмжээний дараа БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа С.Батболд эмнэлгийн шинэ байр, дотоод засал, шинэ тоног төхөөрөмжөө танилцуулсан юм.
Эмнэлгийн шинэ цогцолбор барилгын талаар ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай “Манай цэргийн эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, шинэ цогцолбор барилгатай боллоо. Эмчлүүлэгчдээ шинэ байрандаа хүлээн авч үйлчилж байна. Дунджаар 500 гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Манай эмнэлгийнхэн хуучин байрандаа ч мөн адил байрлаад ажиллана” хэмээн онцолсон юм.

13439025_1697670347161377_3534748641761509981_n
Дашрамд сонирхуулахад, энэхүү эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж байсан түүхтэй. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлэг юм. Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 027 дугаар анги нь 1983 оноос Клиникийн төв эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ энхийг дэмжих ажиллагаанд, цагийн байдлын хүнд нөхцөлд, байлдааны болон гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг НҮБ-ын цэргийн алба хаагчид болон нутгийн ард иргэдэд мэргэжлийн өндөр ур чадвар гарган үзүүлж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэх ёстой.

Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилга нь А,Б,В гэсэн блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заалтай. Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь эмнэлгийн шинэ байр юм.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …